Б.Хурц улсын нууцтай холбоотой байж болох мэдээлэл дэлгэв

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Батын Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан уг асуудлаар нээлттэй сонсгол явуулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлж тус албан бичигт нэр бүхий 21 гишүүн гарын үсгээ зурсан. Нэгэнт нээлттэй сонсгол явуулахаар асуудал хөндөгдсөн учраас томилгооны асуудлыг 14 хоногоор хойшлуулах саналыг Ж.Батзандан гишүүн гаргалаа. Харин байнгын хорооны гишүүд томилгоог хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Байнгын хорооны гишүүдийн дийлэнхийн саналаар томилгооны асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Гэвч нэр дэвшигч УИХ-ын гишүүдийн асуусан асуултад хариулахдаа улсын нууцтай холбоотой байж болох зарим мэдээллийг дэлгэлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Зарим эрх мэдэлтнүүд Б.Хурцын эсрэг асуудал хөндөж чаддаггүй. Шалтгаан нь Б.Хурц “бөлдөгдчихөөд” байдаг юм” гэж тэрээр өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байлаа. Түүний хэлсэн үг биелэлээ олж Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдын эсрэг “сөрсөн базаа” хийлээ. Үүнээс болж хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх саналыг ч нэр бүхий гишүүд яаран гаргасан юм.

Мөн “Б.Хурц нь илчлэгдсэн тагнуул. Нэгэнт илчлэгдсэн тагнуулыг БНСУ хүлээж авахгүй учраас Монгол улс хоёр орны харилцаанд сэв суулгахгүйн тулд түүнийг томилж болохгүй” гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан онцолсон. Харин байнгын хорооны хуралд оролцсон 14 гишүүний 11 гишүүн Б.Хурцыг элчин сайдаар томилохыг дэмжлээ. Улмаар БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Үүний дараа Ж.Батзандан гишүүний гаргасан нээлттэй сонсгол явуулах асуудлаар ажлын хэсэг байгуулж нээлттэй сонсголын хуваарийг жич танилцуулахаар боллоо.

Ч.Дэлгэрцэцэг