Өрхийн дундаж орлого 929 мянган төгрөг байхад зарлага нэг сая төгрөг байна

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээлснээр өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны гуравдугаар улирлын судалгаагаар

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх оны мөн үеэс 76.1 мянган төгрөгөөр өсч, 929.4 мянган төгрөгт хүрсэн байна.

  • Харин зарлага нь жилийн өмнөхөөс 93.2 мянган төгрөгөөр өсч, 1 сая төгрөгт хүрчээ.
  • Өөрөөр хэлбэл, өрхийн орлого жилд 8.9 хувиар нэмэгдэж байхад зарлага нь 10.1 хувиар нэмэгдсэн байна.

Хэдийгээр ҮСХ-ны мэдээлж буйгаар орлого тогтмол нэмэгдэж байгаа ч зарлагаасаа бага байсан хэвээр байна. Тухайлбал,

  • 2017 оны эхэнд өрхийн орлого зарлагын зөрүү 74 мянга гаруй байсан бол
  • 2017 оны III улиралд зөрүү хадгалагдсан хэвээр буюу ердөө гурван мянган төгрөгөөр буурч, 71 мянган төгрөг болжээ.

ҮСХ-ны мэдээлж буйгаар цалин 45 мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж 12.4 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа ч хүнсний бус бараа үйлчилгээний болон бусад зарлага 69.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Мөн өрхийн дундаж зарлага нэг сая төгрөг гэсэн ч дундаж орлого нь 900 мянган төгрөг давж байгаа айл өрхийн тоо бага хэвээр байна.

Жишээ нь, өрхийн мөнгөн орлого зарлагын тайлангаас харахад,

  • Сарын 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 120 мянга гаруй буюу нийт өрхийн 13.7 хувь,
  • 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 137 мянга гаруй буюу нийт өрхийн 15.6 хувь,
  • Нийтдээ 260 мянга гаруй өрхийн орлого ҮСХ-ны тогтоосон дундаж зарлагын дөнгөж талтай тэнцэх хэмжээний орлого олж байна.

Б.Ширнэн