Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг 21 гишүүн дэмжлээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилох саналыг засгийн газар гаргаж Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга дэмжсэн. Энэ томилгоог УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хуваарь ч батлагджээ. Тэгвэл ТЕГ-ын дарга асан Батын Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг Улсын Их Хурлын 21 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна.

Өнгөрсөн оны зургаадугаарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн нийтийн сонсголын тухай хуульд УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй буюу 19 гишүүн хүсэлт гаргасан бол томилгооны сонсгол хийнэ гэсэн заалттай. Энэ хуулийн дагуу Монгол улсаас БНСУ -д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Батын Хурцыг томилох асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулах ёстой гэж парламентын 21 гишүүн гарын үсэг зураад байна. Учир нь Санжаасүрэнгийн Зоригийн аллагын захиалагчийн нэрийг 14 хоногийн дараа хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж засгийн газрын хуралдаанд оруулна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргаан удахгүй цэц дээр шийдэгдэнэ. Энэ бүхэнд Б.Хурц холбоотой гэдэг тодорхой болох гэж байхад түүнийг яаран элчин сайдаар томилох нь буруу. Тиймээс эхлээд УИХ дээр нээлттэй сонсгол явуулсны дараа томилгоо хийх хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд болон байнгын хорооны даргад хүргүүллээ. Тодруулж хэлбэл илчлэгдсэн тагнуулыг БНСУ элчин сайдаар хүлээж авахгүй буцаана. Тиймээс хоёр орны харилцаанд сэв суулгахгүйн тулд Монголын төр алдаа гаргах ёсгүй гэж Ж.Батзандан гишүүн үзэж байна.

Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг МАН-ын 19, АН-ын гурван гишүүн дэмжиж гарын үсэг зуржээ. Хуулийн дагуу нээлттэй сонсгол явуулах хүсэлтийг 14 хоногийн дотор шийдэх ёстой. Гэхдээ Б.Хурцын томилгоог хэлэлцэхээс өмнө эхлээд нээлттэй сонсгол явуулахыг шаардаж байна. Дээрх гарын үсэг зурсан гишүүдийн дийлэнх нь шинээр сонгогдсон гишүүд байна.

Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хувьд нэр төрд нь халдсан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн байна. Тэрээр “Ямар хэлбэрээр мэдээлэл тараасан түүн шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэсэн хүсэлт гаргасан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Би зөвхөн баримт нотолгоотой үндэслэлтэй зүйл тавьж байгаа учир УИХ-ын нээлттэй сонсгол дээр баримтуудаа дэлгэхэд бэлэн” гэдгээ мэдэгдлээ.

Ч.Дэлгэрцэцэг