Олон хүний амь насанд хүрсэн ХБНГУ-ын сувилагчийн хэрэг дахин сөхөгдлөө

Герман улсын хоёр ч эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан Ниелс Хогель гэгч этгээдийг дор хаяж 100 өвчтөнийхөө амь насанд хүрсэн байж болзошгүй хэмээн шалгаж байна. Тэрээр 1999-2005 оны хооронд Германы хойд хэсгээр орших Ольдэнбург хотод ажиллаж байхдаа 38 хүнийг, Дэлмонхорст хотод 62 хүний амь насанд хүрснийг нь мөрдөн байцаагчид илрүүлсэн байна. 2015 онд эмчилж байсан 2 өвчтөнөө хороосон хэргээр шалгагдаж байхдаа шүүх ажиллагааны үеэр 30 гаруй хүнийг хороосон хэргээ өөрийн биеэр хүлээж байсан юм. Эмнэлэгт нас барсан хүмүүсийн тоо Хогелийг ээлжинд гарч байх үеэр байнга нэмэгддэг байсан гэж түүний ажиллаж байсан Ольдэнбургийн эмнэлэгээс мэдэгджээ. Эрүүл мэндийн байгууллагын албаны хүмүүс өөрсдийн тааварлаж байсан хардлагынхаа талаар түргэн шуурхай арга хэмжээ авч чадсан бол олон хүмүүсийн амь насыг аврах боломжтой байсан гэж Ольденбург хотын цагдаагийн албаны дарга үзэж байгаа юм. Зүрхний хэм нь тогтвортой байсан өвчтөн Хогелийн ээлжинд гэнэт муудсан бөгөөд хогийн савнаас хоосон эмийн савнууд олдсоноор түүний хийсэн аймшигт аллагууд анх ил болж байжээ. Өвчтөнүүддээ зүрхний хэм алдах тариа хийж үхлийн ирмэг дээр аваачаад буцаан сэргээж чадвал хэмжээлшгүй их сэтгэл ханамж авдаг байсан бөгөөд ихэнх нь бүтэлгүйтэж, өвчтөнүүд нь тэр чигээрээ амиа алддаг байсан байна. 2015 оны шүүх хурлын үеэрээ тэрээр хохирогчдын ар гэрийнхнээс уучлалт хүсэж хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд хэрэг хийх болгондоо дахиж хийхгүй гэж өөртөө амладаг ч өөрийгөө барьж дийлдэггүй байсан гэж мэдэгджээ.

Б. Амарзаяа