УИХ 2018 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА

УИХ Монгол Улсын 2018 оны төсөв, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Ирэх онд төсвийн алдагдалыг 2017 оныхоос 1,5% бууруулж 2,4 их наяд төгрөгт байхаар баталсан байна. Мөн бодлогын хэд хэдэн өөрчлөлтийг оруулж 2017 оны эдийн засгийн бодит өсөлт нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.3 хувь, харин 2018 онд 4.2 хувь байхаар тооцлоо. Нэгдсэн төсвийн нийт орлого долоон их наяд 231,4 тэрбум төгрөг байх бол зарлага есөн тэрбум 651,5 сая байхаар хууль дээд байгууллага баталлаа. Ингэснээр алдагдал ДНБ-ийн 8% тэнцэхээр байна. Төсвийн хүрээнд бодлогын хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр онцолж байгаагийн тэргүүн эгнээд Төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгана гэж тооцож байна. улмаар Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулан санхүү, мөнгөн хөрөнгө, өрийн удирдлагыг оновчтой болгохоор ажиллах юм. Ирэх онд Боловсролын салбарт 1632.3 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг төсөвлөсөн бол Нийгмийн халамжинд хэд хэдэн бодлогын өөрчлөлт орж байгаа. тухайлбал ирэх онд 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцтай дүйцүүлж 119,5 тэрбум нэмэгдүүлэх бол Малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулахтай холбогдуулан 44,6 тэрбумыг тэтгэврийн санд шилжүүлнэ. Харин “Цалинтай ээж” хөтөлбөр, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал тутамд олгох халамжинд нийтдээ 72,8 тэрбум төгрөгийг зарцуулна. Харин орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх, ажилгүйдлийг бууруулах зэрэг тулгамдаж буй асуудлаа орон нутгийн удирдлага өөрөө бие даан шийдвэрлэж, эдийн засгийн чадавхаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс Нэг аймаг дунджаар долоон тэрбум төгрөг буюу нийт 147,5 тэрбум төгрөг төсөвлөсөн бол Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн барилгын санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдэхээр тусгалаа. Шинэ засгийн газрын хэрэгжүүлэх бодлогын нэг том алхам бол газар, лицензийг татваргүйгээр наймалцах, зориулалтын бусаар ашиглаж буй явдлыг таслан зогсоох арга хэмжээ юм. Тодруулбал ирэх оноос ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээ болон эзэмшигчийн мэдээллийг бүрэн дүүрэн, үнэн зөв, ил тод тайлагнах, худалдаалах замаар улсын төсвийн орлогыг 36 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр зориод байгаа юм.

Ч. Дэлгэрцэцэг