Цалин нэмэх хэлэлцээрийг нээлттэй явуулахыг шаардаж байна

Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны мэдээлснээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг нартай уулзаж, зөвшилцөлд хүрснээр 102 сургууль, 132 цэцэрлэгийн багш, ажилчид зөвшилцөх саналын дагуу ажил хаялтаа зогсоож байна. Багш ажилчид 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үндсэн цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьж байгаа бөгөөд Засгийн газар хэлэлцээрийг зогсоосон ч цалинг хүссэн хэмжээнд нэмнэ гэж мэдэгдээгүй байна. Харин цалин нэмнэ гэж хэлээгүй байхад ажил хаялтыг зогсоосон тул Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос зөвшилцөл, хэлэлцээрийн шийдвэрийг дарга нар, ажлын хэсгийн хүрээнд биш бүх багш нарт нээлттэй ил болгох ёстой гэлээ. Учир нь, ажил хаялтыг зогсоосон нь Засгийн газар болон Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо санал нэгтэйгээр 2018 онд багшийн цалинг 50 хувиар нэмэх саналд нэгдсэн гэж үзэж байгаа юм байна. Харин аливаа байдлаар энэ шаардлагаас буцсан хэлэлцээр хийвэл, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэж багш нар хэллээ. МҮЭ-ийн холбооны дүрэмд зааснаар хэлэлцээр ажлын тав хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаа нь ирэх долоо хоногийн мягмар гарагт дуусах юм.

Б. Ширнэн