Дүүргүүдэд зам цэвэрлэгээний ажилд хүн хүчний бололцоо тааруу байна

Сүүлийн долоо хоногуудад нийслэлд их хэмжээний цас бүх нутгаар орсон ч нийслэл хот дахь орон сууцны хорооллын зам цэвэрлэгээ тийм ч хангалттай биш байна. Уг нь дүүргийн засаг даргын тамгын газар энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой ч аж ахуйн нэгж, албан байгууллагууд ойр орчмынхоо 50 хүртэлх метр газрыг хариуцаж цэвэрлэх ёстой журмын биелэлт муу байна гэдгийг иргэд шүүмжилж байна. Чингэлтэй дүүргийн дөрөв дүгээр хорооны орон сууцны хороолол дундах явган хүний замаар голчлон хичээл сургууль, цэцэрлэгтээ явж байгаа хүүхдүүд, хүүхдээ хүргэж өгч байгаа өндөр настан зэрэг иргэд байнга зорчдог ч мөстсөн, хальтиргаатай зам хэвээр байна. Тэр ч бүү хэл дүүргийн ЗДТГ-ын байр нь хүртэл мөсөн дунд байна. Уг нь аймаг, нийслэлийн засаг дарга нарын захирамжаар ААН, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр хүртэлх газрыг цэвэрлэх ёстой ч зөвхөн үүдний багахан хэсгийг л цэвэрлэсэн байгаа юм. Дүүргийн засаг даргын тамгын газар уг нь орон сууцны хороолол дахь замын цэвэрлэгээнд анхаарлаа хандуулах ёстой ч Чингэлтэй дүүргийн хувьд хүн хүчний хүрэлцээ муу байгаа гэдгийг хэлсэн юм.Зөрчлийн тухай хуулийн 52.3-т зааснаар цас, мөсийг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй шалтгаанаар иргэн 20 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж бол 200 мянган төгрөгөөр торгуулах юм. Гэвч зөвхөн Чингэлтэй дүүргийн хувьд байдал ийм байна.

Б. Одонгарав