Монгол улсад бүртгэлтэй 4600 гаруй эмийн 20 хувь нь антибиотик байдаг

Манай улсын эмчилгээнд хэрэглэх бүртгэлтэй 4600 гаруй эмийн 20 орчим хувийг антибиотик эзэлдэг. Эдгээр эмийг эмчийн жороор авахаас гадна нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд уудаг. Гэхдээ иргэд эмийг дур мэдэн, замбараагүй хэрэглэдгээс болж антибиотикийн хэрэглээ өсч, нянгууд антибиотикт тэсвэртэй болж, эмийн эмчилгээнд хүндрэл учруулж байгаа юм. Тухайлбал антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос болж антибиотикийн дасал үүсдэг. Хэрэв ямар нэг антибиотикт дасалтай болсон бол тэр антибиотик төдийгүй түүнтэй адил бүлгийн бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай. Эмийн зах зээл дээр 150 гаруй төрлийн антибиотик борлуулагдаж байгаагаас хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь ампициллин, амоксициллин гэх мэт пеннициллиний төрлийн антибиотик, цефазолин, цефрадин, цефиксим зэрэг цефалоспорины төрлийн олон антибиотик байдаг. Эдгээр антибиотикийг вирусийн биш нянгаар үүсгэгдсэн өвчний үед уудаг ч хүмүүс ханиад хүрэх, бие халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэгт хэрэглэж байна. Гэвч ханиад хүрэгсдийн бараг 90 хувь нь вирусын халдвараар өвчилсөн байдаг учраас антибиотик хэрэглэх ямар ч шаардлагагүй бөгөөд дур мэдэн эм уух биш, эхлээд эмчид хандахыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс санууллаа

Б. Даваасүрэн