Чихрийн шижин өвчин 5-6 жил далд хэлбэртэй байдаг

Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдөр бүх дүүргийн эмнэлэг болон улсын нэгдүгээр төв эмнэлэгт нээлттэй хаалганы өдөр болсон юм. Энэ жил чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг эмэгтэйчүүд ба чихрийн шижин уриан дор тэмдэглэж байна. Тэгвэл чимээгүй тахал гэж нэрлэгдэх болсон чихрийн шижин өвчингийн талаарх зарим тоон мэдээллийг одоо танилцуулья. 2016 оны судалгаагаар чихрийн шижин өвчнөөр дэлхийд 400 сая гаруй хүн өвчилсөн байдаг байна. Харин 2016 оны байдлаар чихрийн шижинтэй 199 сая гаруй эмэгтэйчүүд байсан бол энэ тоо 2040 он гэхэд 313 саяд хүрнэ гэж чихрийн шижинтэй тэмцэх олон улсын нийгэмлэг судалгаа гаргажээ. Манай улсын хувьд чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн нарийн бүртгэл байдаггүй ч улсын хэмжээнд 120 000 орчим хүн байх магадлалтай гэж үзэж байна. Үүнээс бүртгэлтэй хяналтанд байдаг 30 000 орчим өвчтөн байдаг. Тиймээс чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та жилдээ багадаа л хоёр удаа шинжилгээнд хамрагдах шаардлагатай. АНУ-ын Диабетын нийгэмлэгээс биеийн жингийн индекс 30 хувиас их байх, жирэмслэлтэд цусны сахар ихсэх, шээсэнд сахар илрэх зэргийг өндөр эрсдэлтэй гэж үздэг байна. Энэ өвчин нь өөрөө архаг явцтай, урт хугацааны эмчилгээ шаардагддаг. Хүний бие дэх бодисын солилцоо алдагдаж глюкоз их хэмжээгээр үлдсэнээс цусан дахь сахарын түвшин ихэсдэг. Уг өвчин хүндрэх шатандаа хамгийн аюултай нь нүдний торлог бүрхэвч гэмтэх, хөлний гэмтэл, бөөрний өвчлөл үүсдэг байна. Энэ өвчнөөр ихэвчлэн олон цагаар сууж ажилладаг, хоол хүнсний буруу зуршилтай хүмүүс өвчилдөг. Мөн сүүлийн жилүүдэд жирэмсэн үеийн чихрийн шижин ихсэх хандлагатай байна. Хэрэв танд дээр дурьдсан шинж тэмдэгүүд илэрч байгаа бол өрхийн эмнэлэг болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хандан шинжилгээ өгөх боломжтой. Эрт илрүүлж чадвал эмчилгээний үр дүн өндөр байдаг.