2017 онд мялзан өвчнөөр 5500 Монгол бөхөн хорогджээ

Бог малын мялзан өвчний улмаас дэлхийн ховор амьтан Монгол бөхөн энэ онд 5500 толгойгоор хорогдсон. Хэдийгээр мялзан өвчний тархалтыг зогсоож чадсан ч одоо бөхөнгийн сүрэг бүхий нутгаар өвчилсөн янгир тааралдах болжээ. Тодруулбал бөхөн хамгаалах сүлжээний багийнхан өнгөрөгч наймдугаар сард Говь-алтай аймгийн Тонхил сумын сүмийн хөндийд өвчилсөн хоёр янгиртай тааралджээ. Нэг нь янзага байсан бөгөөд нүд нь нуухтаж, чацга алдсан, амьсгаадсан байсан бол нас бие гүйцсэн янгирт мөн адил шинж тэмдэг илэрчээ. Энэ нь манай улс одоог хүртэл мялзан өвчний голомттой байгаагийн илрэл юм байна. Мялзангаар 2016 онд 12 мянга 996 бог мал өвчилсөн бөгөөд мал амьтныг бүрэн устгалд оруулахаас гадна бүс нутагт вакцинжуулалт явуулсан. Улмаар бог малын мялзан өвчний вакцинд хамруулсан аймаг, сумдын малд бог малын мялзан өвчний вакцины дархлаа дунджаар 79.7 хувьтай байжээ. Харин энэ онд шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай нийт 5.1 тэрбум төгрөгийн вакциныг ОХУ-ын “Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төв”-тэй шууд гэрээ хийж, худалдан авахаар болсон. Энэ ажлын дагуу ОХУ-аас 15 сая тун вакциныг 337,5 мянган ам.доллараар худалдан авчээ. Үүнээс 5,4 сая тун вакциныг Увс, Баян-өлгий, Ховд, Говь-алтай, Завхан гэсэн баруун таван аймаг руу хүргүүлж эхэлсэн аж.

Б.Даваасүрэн