Нийслэлийн хот тохижилтын газрын 360 орчим ажилтан 90 орчим техниктэй ажиллаж байна

Нийслэлийн хот тохижилтын газрын 360 орчим ажилтан хоёр өдрийн турш тасралтгүй зам цэвэрлэгээний ажил хийж байна. Гэвч нойтон цас их орсоны улмаас техник тоног төхөөрөмж ашиглахад хүндрэлтэй байгаа юм байна.

Нийслэлийн хот тохижилтын газар нийт 700 орчим ажилтантай 90 орчим автомашин техниктэй. Сүүлийн өдрүүдэд нийт 360 орчим ажилтан өглөөний 5 цагаас тасралтгүй ажиллаж байна. Өнгөрсөн онд хот тохижилтын газар 900 тн давс бодис хэрэглэж байсан бол энэ жил 1200 тн бодис нөөцөлснөөс одоогийн байдлаар 76 тн бодис зарцуулсан байна. Хот тохижилтын газар нийслэлийн 155,4 км 3,2 сая м кв талбайг хариуцдаг бол нэг ажилтанд дунджаар 500 м-1,2 км зам ногддог байна. Гэвч нойтон цас орж байгаа тул эдгээр цас сорогч машин ажиллахад хүндрэлтэй байсан гэдгийг албаны зүгээс хэлсэн юм. Энэ жил нөөцөлсөн давс бодисны хувьд 15-16 удаагийн цасанд хүрэлцэх боломжтой. Техник тоног төхөөрөмжийн хувьд муу биш ч нэмэгдүүлэх шаардлагатай гэж албаны зүгээс хариулсан юм.