Ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлээгүй бол торгоно

Аж ахуйн нэгж, албан байгууллагууд ойр орчмынхоо 50 хүртэлх метр газрыг хариуцаж, өвлийн улиралд цас, мөсийг нь Засаг даргын захирамжийн дагуу цэвэрлэдэг байсан. Харин Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар аж ахуйн нэгж, албан байгууллагууд хуулийн дагуу цас, мөсөө цэвэрлэх үүрэг хүлээж байна.

Тухайлбал, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 9.4.12-т аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх хилийн заагийг аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ, Засаг дарга тогтоохоор хуульчилсан байгаа бол засаг захиргааны удирдлагаас тогоосон газрын хог хаягдал, цас мөсийг иргэн, аж ахуйн нэгжүүд нь цэвэрлэх үүрэг хүлээжээ.

Хэрвээ, иргэн та хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 52.3-т зааснаар цас, мөсийг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй шалтгаанаар 20 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж бол 200 мянган төгрөгөөр торгуулах юм. Үүнээс гадна, цэвэрлээгүй цас, мөсөн дээр хальтарч бэртсэн хүний хохирлыг хариуцах юм байна. Тиймээс аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэн та бүхнийг хариуцаж буй хэсгийнхээ цас, мөсийг арилгаж, хальтирч гэмтэх ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.