АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп БНСУ-д айлчиллаа

Мягмар гарагийн өглөө АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тэргүүн хатагтай Меланиагийн хамтаар БНСУ-ын Осан агаарын баазад газардсан байна. Өмнөд Солонгост хийж байгаа 24 цагийн айлчлалынхаа хүрээнд тэрээр БНАСАУ-ын цөмийн зэвсгийн аюулын талаар болон Өмнөд Солонгос, АНУ-ын худалдааны хамтын ажиллагааны талаар голчлон хэлэлцэх юм байна.

Түүнийг БНСУ-ын ерөнхийлөгчийн ордонд хүрэлцэн ирэхэд нь хүндэт харуулууд угтан авчээ. Тэрээр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Өмнөд Солонгост байрлаж байгаа АНУ-ын цэрэг дайчидтай уулзахаар төлөвлөсөн байна.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хэрэв Солонгосын Хойгт дайн дэгдвэл эхний хэдхэн цагийн дотор л гэхэд хэдэн зуун сая хүний амь нас үрэгдэнэ гэжээ.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Жон Уныг басан доромжилсон хандлага нь дайн дэгдэх аюулыг улам хурцатгаж байна гэж Өмнөд Солонгосын ард иргэд, тэр тусмаа либераль үзэлтнүүд болгоомжилж байгаагаа илэрхийлсэн байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч ерөнхийлөгч Трампыг халуун дотноор хүлээн авахыг ард иргэдээсээ гуйсан ч хэд хэдэн эсэргүүцлийн жагсаалтай тулгарчээ.

Эсэргүүцэгчид ерөнхийлөгч Трампыг БНСУ-ын ерөнхийлөгчийн ордон руу явах замд нь жагсаал хийсэн бөгөөд түүний эсрэг уриа лоозон барьж Өмнөд Солонгост үзүүлж байгаа эдийн засгийн дарамт шахалт болон Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг улам хурцатгаад байгаа явдалд нь эсэргүүцлээ илэрхийлсэн байна.