Техас мужид сүмийн цуглааны үеэр зэвсэгт халдлага гарчээ

Ням гарагийн өглөө АНУ-ын Техас мужид баптист сүмийн цуглааны үеэр сүмд цугларсан хүмүүс рүү зэвсэглэсэн этгээд гал нээж 26 хүн амь үрэгдэж, 20 хүн шархадсан гэж Техас мужийн Олон Нийтийн Аюулгүй Байдлыг Хангах Газрын дарга Фримэн Мартин мэдэгджээ. Шархадсан хүмүүсийг нэн даруй нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогийн байдлаар 10 хүний биеийн байдал хүнд байгаа юм байна.

Амь үрэгдсэн 26 хүний 25 нь газар дээрээ амиа алдсан бол 1 хүн нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. Амиа алдсан хүмүүсийн дотор ой 6 сартай хүүхэд болон сүмийн пасторын 14 настай охин байсан гэж цагдаагийн албаныхан мэдэгджээ.

Энэхүү халдлагыг 26 настай Дэвин Патрик Кэлли гэгч этгээд үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэргийн газраас зугтах үедээ хөндлөнгийн гэрчийн буудсан суманд оногдсон байна. Ийнхүү буудуулсныхаа дараа өөрийн машиндаа сууж, өөрийгөө амьд гарахгүй юм шиг байна гэж аавдаа утасдаж хэлсэн бөгөөд удалгүй амьсгал хураасан байхыг нь цагдаагийн ажилтнууд олжээ.

Энэхүү халдлага нь ямар нэгэн арьс өнгө эсвэл шашин шүтлэгээр гадуурхан хийсэн гэмт хэрэг биш харин хувийн өш хонзонгийн сэдэлтэйгээр үйлдсэн гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Түүний хадам ээж халдлага гарсан сүмийн цуглаанд явдаг бөгөөд хэд хэдэн удаа амь насанд нь халтай сүрдүүлгүүд ирж байсан талаараа ярьжээ.

2012 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 12 сар хоригдох ял авч байсан бөгөөд 2014 онд буу худалдан авах, эзэмшихийг хуулиар хориглосон байжээ. Хэдий тийм ч гэмт хэрэгтэн хаанаас, хэрхэн зэвсэг олж авсан нь олон хүний анхаарлыг татаад байсан юм.

10-р сард АНУ-ын түүхэнд хамгийн том буюу хэдэн зуун хүнийг шархдуулж, 58 хүний амийг авч одсон Лас Вегасын халдлагаас ийнхүү 1 сарын дараа дахин томоохон халдлага гарсан харамсалтай үйл явдал боллоо.