Эцэг эхийн хяналтгүй, хайхрамжгүй байдлаас болж хүүхэд алга болох тохиолдол гардаг

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд бага насны хүүхэд алга боллоо гэх мэдээлэл гарч байгаа. Тэгвэл 2015 онд 3 хүүхэд алга болсон бол 2016 онд 4 хүүхэд сураггүй алга болсныг эрэн хайх ажиллагаа явагдсаар байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд 11-р сарын 2-ны өдөр Дорноговь аймгийн Замын-үүд суманд амьдардаг Д.Сэржмядаг охин алга болсон талаарх мэдээлэл оройн 18:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Улмаар цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн, холбогдох эргүүл харуулын чиглэлүүдээр буюу байх ёстой бүх газруудаар эрэн хайх ажиллагааг явуулсан. Гэвч тодорхой сураг гараагүй учраас 11-р сарын 3-наас эхлэн Замын–үүд сумын онцгой байдлын комиссоос шийдвэр гаргаж, 72 техник хэрэгсэл 510 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр эрж хайх ажиллагаа үргэлжилж байна. Охин алга болсонтой холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл тараагдаад байгаа бөгөөд охиныг харсан хүн байвал жижүүрийн 70527102 дугаарын утсанд хандана уу.