Орон нутгийг чиглэсэн зам, даваа хаагдаагүй

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор орон нутаг руу чиглэсэн зам, даваа хаагдаж, боогдоогүй. Гэхдээ оройн цагаар зам дээрх цас хөлдөж, хальтиргаа гулгаа үүсгэжээ. Одоогоор урд чиглэлд Дорноговь аймгийн Өргөн, Дэлгэрцогт сум хүртэл зам хальтиргаа гулгаатай, зүүн чиглэлд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, баруун чиглэлд Архангай, Өвөрхангай, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, хойд чиглэлд Дархан-уул, Орхоны зам халтиргаа гулгаа ихтэй байна. Өчигдөр Улаанбаатар-Өвөрхангай Сант чиглэлд 20 орчим зорчигчтой хот хоорондын тээврийн хэрэгсэл Төв аймгийн Эрдэнэсант сумаас 40 км орчимд Жаргалантын гол гэдэг газарт цасанд сууж, цааш явах боломжгүй болсон. Улмаар Улаанбаатар хотоос яаралтай тусламж илгээснээр нийтийн тээврийн автобус хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлжээ.

11-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байгаа. Тиймээс онцын шаардлагагүй бол орон нутгийн замаар зорчихгүй байх, хэрэв шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Тодруулбал Багануурын даваа, Төв аймгийн Хоолтын даваа, Айцын даваа болон Өвөрхангайн шартын давааны нөхцөл байдал хүндрэлтэй байгаа аж.