2017 он хамгийн дулаан жилүүдийн нэг болжээ

2017 он дэлхийн түүхэнд хамгийн дулаахан жилүүдийн нэг болж байна гэж Дэлхийн Цаг Уурын Байгууллагаас мэдээллээ.

Германы Бонн хотод болсон НҮБ-ын дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн талаарх зөвлөгөөний нээлтийн өдөр ДЦУБ-аас энэ оны эхний сараас 9-р сар хүртэлх дэлхийн цаг агаарын тайланг танилцуулжээ.

Хурлын үеэр дэлхийн цаг агаарын өөрчлөлтөд нөлөөлж байгаа нүүрсхүчлийн хийн ихсэлт болон далайн түвшний өсөлт, далайн усны хүчиллэг байдал нэмэгдэх болон дэлхийн дулаарлын хор хөнөөлийн талаар хэлэлцсэн байна.

“Далайн түвшний өсөлт нь дэлхийн дулаарал болж байгаагийн томоохон нотолгоо” гэж ДЦУБ-ын ахлах эрдэмтэн Омар Баддью даваа гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Тэрээр Хойд Мөсөн далай болон Антаркидийн далайн мөс хайлж байгааг нэмж дурдсан байна.

2017 оны хэт дулаарал нь энэ онд гарсан ихээхэн хэмжээний хор хохирол учруулсан ой хээрийн түймэрийн гол шалтгаануудын нэг юм. АНУ болон Канад улсын ой хээрийн түймэр энэ онд 50 хувиар ихэссэн үзүүлэлттэй байна.

Дэлхийн дулааралтай холбоотой өвчин эмгэг болон нас баралт 1980 оноос хойш 30 гаруй хувиар өссөн гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүүлд гаргасан судалгаагаар танилцуулагджээ.

Түүнчлэн дэлхийн цаг уурын өөрчлөлт нь сая сая хүмүүсийн хоол хүнсний хэрэглээнд ч нөлөөлж байгаа бөгөөд салхи шуурга, үер усны аюул, ган гачиг ихээр гарах болсон нь хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт 26 гаруй хувийн гарз хохирол учруулж байна гэж Дэлхийн Цаг Уурын Байгууллагаас мэдэгдсэн байна.