Хууль зүйн байнгын хорооны гишүүд “хориг”-ийг дэмжсэнгүй

Хууль зүйн байнгын хорооны өнөөрийн хуралдаанаар ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцлээ. УИХ төсвийн тухай хуулинд заагаагүй үндэслэлээр 2017 төсөвт тодотгол хийсэн нь хууль зөрчигдөх үндэс болсон гэж ерөнхийлөгч үзэж тодотголд бүхэлд нь хориг тавьсан. Харин байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн 75 хувь нь түүний хоригийг дэмжээгүй байна.

Төсвийн тухай хуулийн 34.1 дүгээр хэсэгт төсөвт тодотгол хийх тохиолдлуудыг тодорхой заасан байдаг.

34.1.1 Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн;

34.1.2 Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх;

34.1.3 Үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах;

34.1.4 төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх.

34.1.5 Хууль болон гэрээнд зааснаар засгийн газрын өрийн баталгааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тохиолдолд тодотгол хийхээр заасан байдаг.

Мөн хуулийн 6.2.5 төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэж заасан. Гэвч 2017 төсөвт тодотгол хийсэн үндэслэл нь эдгээр зүйл заалтыг бүхэлд нь зөрчсөн учраас хориг тавих үндэслэл болсон гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байнгын хорооны гишүүдэд тайлбарлалаа.

Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авах боломжгүй гэж үзсэн бол АН-ын бүлэг хүлээж авах ёстой гэж үзсэн. Энэ утгаараа байнгын хорооны гишүүд намын төлөөллөөрөө 2 хуваагдлаа. Эрх баригч намын бүлгийн гишүүд эдийн засгийн өсөлтөөс олсон орлогыг ард иргэддээ хүртээхээр шийдсэн шийдлүүд төсвийн тодотголд тусгагдсан гэж зөвтөглөө. Харин сөрөг хүчний гишүүд төсвийн тодотголд тусгадсан зардлууд нь ард иргэдээ бодсон шийдэл болж чадахгүй байгаа гэлээ.

Ингээд санал хураалтаар байнгын хорооны гишүүдийн 75% монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны төсвийн тодотголд тавьсан хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй. Харин хоригийг ирэх пүрэв гарагийн УИХ-ын нэгдсэн чуулгахаар хэлэлцэж хүлээж авах эсэх эцсийн шийдвэр гарна.