АН: 2018 оноос төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэх боломж байна

Оувс-ийн хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй байх үүргийг засгийн газар хүлээсэн. Гэвч энэ нь төрийн албаны тухай хууль зөрчигдөх үндэс болжээ. Хөтөлбөрт хамрагдсан гэх шалтгаанаар хууль зөрчигдөж болохгүй учраас ирэх онд цалинг 10 хувь нэмэх ёстой гэж АН-ын бүлэг үзэж байна. Цалин нэмэхэд шаардагдах зардалыг ч зохицууах боломж бий гэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 28,4,5 төрийн албан хаагчийн албан тушаалын дундаж цалингийн хэмжээ нь хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас 5.0 буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг нэмэгдүүлэх тухай саналыг төрийн албаны төв байгууллага хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн өмнө УИХ-д танилцуулж зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ гэж заажээ. Харин өнөөдөр төрийн албан хаагчийн цалин улсын дундаж цалинтай харьцуулахад 24,8 хувиар доогуур болчихсон байгааг АН бүлэг тодотголоо. Нэгэнт хуулийн заалт зөрчигдөж байгаа учраас цалинг үе шаттай нэмэх шаардлага урган гарсан гэж АН-ын бүлэг үзэж байгаа юм.

180 мянган төрийн албан хаагчийн цалинг 10 хувь нэмэгдүүлэхэд 150 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа. Энэ эх үүсвэрийг 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвиийн төсөлд төрийн албан хаагчдын үр дүнгийн урамшууал нэрээр тусгасан 55 тэрбум болон 56 тэрбум төгрөгүүдийг нийлүүлэн цалингийн нэмэгдэлд төсөвлөх ёстой гэж үзэж байна. Харин багш нарын шаардлагаар 2018 онд цалинг нь 50% нэмэх боломж хүндрэлтэй гэдгийг АН-ын бүлэг онцолж байна.

Нэг удаа урамшуулал олгох нэрээр 2017,2018 онуудад 110 гаруй тэрбум төгрөгийг зарцуулж байхын оронд 2018 ондоо үндсэн цалинг 10% нэмэх нь хуулийн зөрчлийг арилгах боломж. Тиймээс төр нь урамшуулал гэж зүтгэлгүй, багш нар нь 50% гэж хатуурхалгүй асуудалд хандах ёстой гэж үзэж байна.