Манай улс хууль дээдлэх ёсны индексийн үзүүлэлтээр 113 орноос 51-т жагсжээ

Жил бүр дэлхийн эрх зүйн тогтолцоо, шударга ёсны төслөөс олон улсын хууль дээдлэх ёсны индексийг гаргадаг билээ. Манай улс 2012 оноос хууль дээдлэх ёсны индексийн жагсаалтад орж эхэлсэн. Энэ жил манай улс 0,54 онооны үзүүлэлттэйгээр 113 орноос 51-т жагссан байна. Тус индексээс олон улсад бид хууль дээдлэх ёсоороо аль түвшинд байгааг харьцуулж харах боломжтой. Мөн бүс нутгийн болон орлого ижил улсуудтай харьцуулсан үзүүлэлтийг тусгаж өгснөөрөө онцлогтой байна.

Дэлхийн эрх зүйн тогтолцоо, шударга ёсны төслөөс гаргадаг олон улсын хууль дээдлэх ёсны индексийн үзүүлэлт нь 0-с 1 хүртэл байдаг байна. Нэг оноо нь хууль дээдлэх ёсыг дээд зэргээр баримталдаг болохыг харуулах юм байна.

Хууль дээдлэх ёсны индекс нь хуулийг хэрэгжүүлэх, баримтлахтай холбоотой ерөнхий найман бүлэг үзүүлэлтэд үнэлгээ өгсөн байна. Үүнд манай улс авлигагүй байдалд хамгийн бага буюу 0,44 оноо, дэг журам аюулгүй байдалд хамгийн их буюу 0,78 оноог авсан байна.

Хууль дээдлэх ёс буюу хуульт ёс иргэдийн амьдралд бодитой хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Өөрөөр хэлбэл манай улсад хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн ч хэрэгжилт тааруу байгааг судалгааны байгууллагуудаас онцолдог. Тэгвэл хууль, шүүхийн шинэтгэлийн үр дүн, өөрчлөх маргааныг шийдвэрлэхэд дэлхийн эрх зүйн тогтолцоо, шударга ёсны төслөөс гаргадаг олон улсын хууль дээдлэх ёсны индекс чухал үзүүлэлт болохыг судлаачид онцолж байна.

Хууль дээдлэх ёсоороо дани улс 0,89 оноогоор тэргүүлсэн бол, Норвег, Финланд зэрэг улсууд удаах байруудад жагсжээ. Харин хууль дээдлэх ёсоороо хамгийн доогуур буюу 113 улсаас сүүлийн байранд венесуэль улс 0,29 оноогоор 113-т жагссан байна.

Б.Хулан