Шударга бизнес төлөвшихөд хуулийн хэрэгжилт, хариуцлагын тогтолцоо дутагдаж байна

Транспэрэнси интернэшнл байгууллагаас “Шударга бизнес монгол улсын хөтөлбөр”-ийн үнэлгээний тайланг танилцууллаа. Тайланд төрийн зүгээс шударга бизнесийг дэмжих нь сул, нөгөө талаас компаниуд хууль тогтоомжууд авлигаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход үр дүн муутай гэж дүгнэжээ. Мөн зөрчилтэй компанид хориг тавих тогтолцоо, түүний хэрэгжилт тодорхой бус байгаа зэрэг бусад үнэлгээг тайланд дурдсан байна.

Бизнесийн салбарт авлига, хуйвалдаан, зохисгүй нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, шалгалт хийх үүрэг бүхий байгууллагуудын бие даасан байдал хангалтгүй, улс төрийн нөлөө ихтэй болохыг тус тайланд дурдсан байна. Тодруулбал дээрх байгууллагуудын даргыг томилоход улс төрийн хүчиний нөлөө их байгаа нь бизнесийн шударга байдалд нөлөөлж байна гэж үзжээ. Харин төр, хувийн хэвшлийн шударга байдлыг хянах олон нийтийн байгууллага нь чадавхиа нэмэгдүүлж, хараат бус олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ойр хамтын ажиллагаатай байж мэдээллийг ил тод болгох нь чухал гэдгийг судлаачид хэлж байна.

“Шударга бизнес Монгол улс”-ын хөтөлбөрийн үнэлгээ тайланд хуулийн орчин бүрдсэн боловч хэрэгжилт хангалтгүй байгаа нь шударга бус байдлыг даамжруулах шалтгаан болж байна гэжээ. Мөн төрийн байгууллагаас зарласан сонгон шалгаруулалтад улс төр гэр бүлийн холбоо сүлбээ ихээхэн нөлөө үзүүлдэг гэж дүгнэжээ.

Ийнхүү бизнесийн салбар дахь шударга байдлыг үнэлсэн анхны томоохон хэмжээний боловсронгуй үнэлгээний тайлан, мэдээ гарч байгааг тус байгууллагаас онцолж байна. Учир нь бизнесийн орчин дахь төрийн болон иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн шударга байдлыг цогцоор нь үнэлсэн байна.

Тайланг бүрэн эхээр энд -ээс үзнэ үү.

Б.Хулан