Тамхи татдаг, дам тамхидалтад өртдөг эхээс харшилтай хүүхэд төрөх магадлалтай

 

Агаар, орчны бохирдол, амьдралын буруу хэвшлээс шалтгаалж биеийн дархлааны тогтолцоонд өөрчлөлт ороход харшил үүсдэг банйа. Өөрөөр хэлбэл дасан зохицох үйл ажиллагаа алдагдсаны улмаас харшлын урвал үүсэх нөхцөл бүрддэг. Манай улсад хийсэн судалгаагаар сүүлийн 5-10 жилд харшил 2-4 дахин нэмэгдсэн болохыг тогтоосон. Энэ байдал дараагийн 10 жилд 8-10 дахин нэмэгдэх хандлагатай байгааг олон улсын судлаачид онцолж байна. Манай улсад ургамлын харшил хамгийн түгээмэл тархсан байдаг. Нийт хүн амын 23 хувь нь ургамлын харшилтайг судалгаагаар тогтоожээ. Ургамлын харшлын гол шалтгаан нь 4-10 дугаар сард ургадаг ургамлууд байдаг байна. Мөн эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хүүхдийг эрт үед нь оношилж, харшлаас урьдчилан сэргийлэх нь чухал байна. Харшил нь удамшдаг өвчин. Эцэг эх хоёул харшилтай бол хүүхэд харшилтай байх магадлал 75 хувь байдаг байна. Харин эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хүүхэд харшилтай байх магадлал 50 хувьтай байдаг байна. Мөн тамхи татдаг болон дам тамхидалтад өртдөг эхээс харшилтай хүүхэд төрөх магадлал маш өндөр байдаг байна.

Эх сурвалж:Монголын харшил судлалын нийгэмлэг

Б.Хулан