Дөрвөн эмэгтэй тутмын нэг нь “Хэрэв эхнэр үнэнч бус байвал нөхөр нь цохиж зодож болно” гэдэгтэй санал нийлжээ

Сүүлийн дөрвөн жилд цагдаагийн багууллагад гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас үйлдэгдсэн 5100 гаруй хэрэг бүртгэгджээ. Гэтэл бодит байдал дээр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь энэ тооноос даруй хэдэн зуу дахин их байгааг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал улс орон даяар анх удаагаа жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх судалгааг НҮБ-ын хүн амын сан, үндэсний статистикийн хороо танилцууллаа. Монголд хүчирхийллийн хэргийг мэдээлэхгүй байх явдал 99.1 хувьтай байна гэж гарсан байна. Шалтгаан нь хүчирхийлэлд өртсөн олон эмэгтэйчүүд энэ талаараа мэдээлдэггүй, тусламж дэмжлэг эрэлхийлдэггүй байна. Мөн сүүлийн 12 сард бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн дөнгөж 0.9 хувь нь ЦЕГ-т хандсан байна. Харин хүнд хэлбэрийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн ердөө 10.2 хувь нь хүчирхийллийн талаар цагдаад мэдэгдсэн байх юм. Судалгаанд нийслэл хотын 9 дүүрэг, 21 аймгийн 7860 өрхийн 7319 эмэгтэйчүүдийг түүвэрлэн хамруулсан нь нийт эмэгтэйчүүдийг төлөөлж чадахуйц түүвэр болсныг үндэсний статистикийн хорооноос онцолж байна. Тэгвэл судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралынхаа туршид, 35 хувь нь сүүлийн 12 сард гэр бүлийн гишүүн, хамтрагчийн зүгээс үйлдсэн ямар нэг хэлбэрийн хүчирхийллийн золиос болсон байна.

Б.Хулан