УБТЗ ашиглалтын хугацаа дуусах дөхсөн хуучин вагонуудаар “парк шинэчлэл” хийжээ

“Улаанбаатар төмөр” зам хувь нийлүүлсэн нийгэмлэг салбарын сайдын журам зөрчиж нэг бүрийг нь 9-11 мянган ам.долларын үнэтэй актлагдсан 1000 вагоныг ОХУ-аас худалдаж авахаар шийдвэрлэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас худалдаж авсан 587 вагон хилээр орж ирсэний 548 нь тээврийн үүрэг гүйцэтгэж байгаа гэх тайлбарыг тус нийгэмлэгээс мэдэгдэж байна. 25 жилээс доош насжилттай вагон худалдан авах эрхгүй тус нийгэмлэг насжилтын шаардлага хангахгүй үлдсэн 413 вагоныг зайлшгүй авах шаардлагатай байна гэж мэдээлсэн.

Дээрх 587 вагоныг худалдаж авч, засвар үйлчилгээ хийсэн бүх зардал нь 16.2 тэрбум төгрөг болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар эдгээр 587 вагон 16.9 тэрбум төгрөгийн орлого УБТЗ-д оруулсан бөгөөд үйлчилгээнд явж байгаа 548 вагон энэ хугацаанд худалдаж авсан үнэ зардлаа нөхөж 700 сая орчим төгрөгийн орлого илүү оруулсан гэлээ. Тэгвэл дээрх худалдан авсан воганы ашиглалтын хугацаа, техникээс гарах эрсдэлийг тооцоолсон эсэхийг тодруулахад ямар ч эрсдэлгүй гэсэн тайлбарыг нийгэмлэгийн зүгээс хэлж байв.

Тодруулбал ОХУ-д 1994 онд үйлдвэрлэгдэж 22 жил ашиглагдаж 1-2 жил сул зогссон вагонуудыг оруулж ирсэн байна. Манай улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу эдгээр вагон нь цаашид 6-7 жил ашиглагдана. Харин УБТЗ-ын эзэмшлийн 1347 вагоны 70 гаруй хувь 25-30 түүнээс дээш жил ашигласан вагон гэж байгаа юм. Нэг үгээр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Монгол улсын стандартад заасан ашиглалтын хугацаа дууссан, дуусах дөхөж байгаа вагонууд дээрээ нэмж дахин актлагдаж, хугацаа нь дууссан 1000 вагоныг худалдаж авахаар гэрээ хийж талаас илүү хувийг нь оруулж ирэн парк шинэчлэл хийгээд байгаа нь энэ юм. Уг нь ашиглалтын хугацаа дуусахыг урьдаас төлөвлөж тооцоо судалгаатай аливаа дүрэм журмыг зөрчихгүйгээр худалдан авалт хийгдэх ёстой. Гэвч төлөвлөлтөө хийж чадаагүй тус нийгэмлэг санхүүгийн чадамж, тээвэрлэлтийн хэмжээ огцом өссөн зэрэг шалтгаанаар журам зөрчсөн үйлдлээ сэтгүүлчдэд тайлбарлалаа.

Б.Хулан