АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар ирэх 7-р сард дээд хэмжээний уулзалт хийж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын эртнээс хойшлуулагдсаар ирсэн дээд хэмжээний уулзалт удахгүй зохион байгуулагдахаар болсныг Вашингтон болон Кремлийн албаныхан мэдээлсэн байна. Тус дээд хэмжээний уулзалт нь ирэх 7-р сарын 11-12-ны өдрүүдэд болох НАТО-гийн удирдагчдын уулзалтын дараагаар Финландын нийслэл Хельсинки хотод зохион байгуулагдаж магадгүй талаар АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн биеэр мэдэгджээ.

Хоёр орны төрийн тэргүүн нарын хувьд хамгийн сүүлд өнгөрөгч оны 11-р сард Вьетнам улсад зохион байгуулагдсан Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалтын үеэр хэлэлцээрийн ширээний ард сууж байсан юм. Тэгвэл ирэх сард хийхээр товлосон уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Сирид өрнөж байгаа иргэний дайн болон Украйны асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцэхээр зорьж байгаа тухайгаа мөн мэдэгдсэн байна.

2014 онд ОХУ украйнаас Крымийг нэгтгэн авснаасаа хойш АНУ-ын хориг арга хэмжээтэй тулгараад байгаагийн дээр 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх асуудалд нэр холбогдоод байгаа юм. Тэгвэл уулзалтын үеэр мөн энэ асуудал яригдаж магадгүй талаар АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгджээ. Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаас урьтаж, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзалт хийх өндөр магадлалтай байгааг Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлсэн юм.