Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй 41 суралцагч төгслөө

 

Улсдаа ганцад тооцогддог мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль ээлжит төгсөлтөө хийлээ. Мэргэжил, ур чадвар эзэмшүүлэн ажил хөдөлмөрт сургадаг сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх тус сургуульд суралцагсдын 80 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг байна.

Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн нийт суралцагчийн 80 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм. Энэ хичээлийн жилд 116 суралцагчийг тогооч, талх нарийн боовны үйлдвэрлэлийн технологич, бэлэг дурсгал урлаач, гар утас засварчин, модон эдлэлийн мужаан зэрэг 10 гаруй мэргэжлээр төгсгөжээ. Төгсөгчдийн дунд 29-р сургуулийн төгсөгчид цөөнгүй байсан юм. Мөн МУБИС-ийг биеийн тамирын багшийн мэргэжлээр суралцсан сонсголын бэрхшээлтэй иргэн тогооч мэргэжил давхар эзэмшин төгсөж байна. Мөн 29-р сургуулийг есдүгээр анги хүртлээ суралцан төгсч улмаар мужааны мэргэжил эзэмшсэн үе тэнгийнхэн ч байсан юм. Хамгийн гол мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль нь мэргэжлийн хичээлүүдийг 80 хувийн практик, 20 хувийн онолын мэдлэг олгох хөтөлбөрөөр заадаг учраас хүүхдүүд мэргэжлийн ур чадварыг хангалттай олж авдаг байна. Тиймээс ч төгсч гараад ажлын байртай болох, мэргэжлээрээ ажиллахад хүндрэл бэрхшээл бага байдгийг сургуулийн зүгээс онцолсон юм.

Манай улсад хөдөлмөрийн насны 92 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Харамсалтай нь эдгээр иргэдийн 20 гаруйхан хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Харин тус сургуулиас энэ жил хөгжлийн бэрхшээлтэй 41 мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэн гарлаа.

Б.Хулан