Он гарсаар зам тээврийн ослоор 58 хүн амь насаа алдсаны 37 нь явган зорчигч байжээ

Замын хөдөлгөөнд оролцдоггүй хүн гэж байддаггүй. Тиймээс иргэн бүр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөх ёстой. Ялангуяа тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолоочоос гадна тээврийн хэрэгсэлд зорчиж яваа зорчигч болон явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмийг мэдэх, дагаж мөрдөх ёстойг замын цагдаагийн албанаас онцолж байна.

Учир нь явган зорчигчид дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гаргах, амь насаа алдах тохиолдол цөөнгүй байна. Он гарсаар 58 хүн зам тээврийн осолд өртөж амь насаа алдсанаас 37 нь явган зорчигч байжээ. Эдгээрээс нийслэлд 18, орон нутагт 19 хүн явган зорчиж явахдаа зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан байна.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигчид автозамын гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглодог. Мөн тээврийн хэрэгслийн өмнүүр гэнэт гүйх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулах, автозамын зорчих хэсэг дээр зогсох, саатах, өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож зам хөндлөн гарахыг хориглодог. Гэвч иргэд замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүй, мэдлэггүйгээс замын хөдөлгөөний дүрмийг зөрчих явдал цөөнгүй гарч байна. Хэрвээ явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол зөрчлийн хуулийн дагуу 10 нэгжээр торгуулах хуулийн заалт байдаг.

Б.Хулан