Ашиглалтын хугацаа дууссан 40 км хоолойд хуванцар доторлогоо хийнэ

Нийслэлчүүд бид цэвэр усаа 586 км, урт шугам хоолойгоор дамжуулан хэрэглэдэг. Эдгээр хоолой нь 100-800 мм диаметртэй. Хамгийн дээд тал нь 59 жил ашиглагдаж байгаа цэвэр усны хоолойгоор ундны усаа авч байна. Улаанбаатар хотын цэвэр усны нийт шугам хоолойны 40 гаруй хувийн насжилт дуусчээ. Тэгвэл нийслэлээс ашиглалтын хугацаа дууссан 40 км шугам сүлжээг доторлох төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. 50-60 жил болсон цэвэр усны хоолойноос зэвтэй бохир ус гоожиж байгаа нь ашиглалтын хугацаа дууссантай холбоотой. Харин шинээр баригдсан орон сууцнуудаас бохир зэвтэй ус гоожиж байвал цэвэр усны стандартын бус хоолойг тавьсантай холбоотой болохыг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас онцолж байна.
Нийслэлд анх орон сууцны хороолол 1959 онд баригдсанаас хойш цэвэр усны хоолой 60 орчим жил ашиглагдаж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын нийт цэвэр усны хоолойны 40 хувь буюу 230 гаруй км-ийн ашиглалтын хугацаа дууссан байна. Тэгвэл 2018-2019 оны хооронд Австрийн засгийн газрын 26 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийслэлд байгаа ашиглалтын хугацаа нь дууссан 40 км цэвэр усны хоолойг доторлохоор болжээ.
Энэ жил хотын төв Үндэсний номын сангаас Цирк хүртэл, мөн Чингүүнжавын гудамж дагуу хуучин барилга орон сууцны дөрвөн км цэвэр усны хоолойг доторлохоор болжээ. Ингэхдээ газар шорооны ажил хийхгүй, хоолойг цэвэрлэж хуванцар доторлогоо хийх юм байна.

Б.Хулан