20-45 насны эрэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй байна

2018 оны тавдугаар сарын байдлаар ДОХ-ын 260 тохиолдол илэрснээс 208 нь эрэгтэйчүүд байна. Өөрөөр хэлбэл ДОХ-ын нийт тохиолдлын 80 хувь нь эрэгтэйчүүдэд илэрчээ. Тиймээс эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдах асуудал болжээ.

Манай улсын 20-45 насны эрэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй гэсэн судалгаа байна. Энэ нь эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбар өнөөдөр ямар түвшинд байгаагийн илрэл гэдгийг салбартаа олон жил ажилласан эмч мэргэжилтнүүд онцолж байна. Манай улсад эмэгтэйчүүдийн 300 гаруй эмнэлэг, мөн түүнээс ч олон тооны эмэгтэйчүүдийн эмч байдаг. Харин асуудлын хувьд эн тэнцэхүйц чухалд тооцогдох эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, урологи андрологийн эмч гэвэл тун цөөн байдаг. Тодруулбал улсын хэмжээнд бөөр, шээсний замын эрхтнүүдийн бүтэц, үйл ажиллагааны гажгуудыг мэс заслын аргаар эмчлэх урологийн салбарт 40 эмч, андрологи буюу эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй, бэлгийн замын өвчний 10 хүрэхгүй эмч байгаа нь маш хангалтгүй тоо гэдгийг Доктор, профессор Д.Нямсүрэн онцолж байна.

Б.Хулан