64 өрхийн эцэг, эх хүчирхийлэл үйлдэж эцэг, эх байх эрхээ хасуулжээ

“Өнгөрсөн жил 187 охин бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс 74 хувь нь гэртээ хүчирхийлүүлжээ” Эх сурвалж:ГБХЗХГ

Хүчирхийллийг таслан зогсоох хамтарсан баг үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш гэмт хэргийн илрүүлэлт нэмэгджээ. Одоогийн байдлаар 64 өрхийн эцэг, эх хүчирхийлэл үйлдсэний улмаас 6 сар эцэг, эх байх эрхээ хасуулсан харамсалтай мэдээг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өгсөн.

“26.000 хүчирхийлэл үйлдэгчдэд хүмүүжлийн эерэг аргын сургалт орно” Эх сурвалж:ГБХЗХГ

Өнгөрсөн онд хүчирхийлэл үйлдэгдсэн 1260 гэр бүлд хамтарсан багууд хамгааллын үйлчилгээ үзүүлжээ. Хамтарсан баг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэний дараа хохирогчдод тусламж үзүүлдэг гэх ойлголт байдаг. Тэгвэл эмч, цагдаа, нийгмийн ажилтан, төрийн бус байгууллага, сум, хорооны засаг даргын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг нэн түрүүнд гэр бүлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх үүрэг хүлээсэн нэгдэл болохыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас онцолж байна.

“609 хамтарсан багийн 4634 гишүүн хүчирхийллийн нөхцөл байдалд ажиллахаар бэлтгэгдсэн” Эх сурвалж:ГБХЗХГ

Өөрөөр хэлбэл хүчирхийлэл үйлдэгдсэний дараах хамгааллын үйлчилгээ, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зэрэг явуулах нь хамтарсан багийн үүрэг байна.

Энэ жил хамтарсан багийн гишүүдийн 20 орчим хувь албан тушаал өөрчлөгдөж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Үүнтэй холбогдуулан хамтарсан багийн шинэ гишүүдийг сургах, хамтарсан багийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох үүднээс хүчирхийлэлтэй тэмцэх сайн туршлагыг судлах гүнзгийрүүлсэн сургалтуудыг улс даяар явуулахаар болжээ.

“Хамтарсан баг урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэгтэй” Эх сурвалж:ГБХЗХГ

Хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хамтарсан багийн үйл ажиллагаа чухал ч эцэг эх, гэр бүлийн гишүүдийн оролцоо түүнээс ч чухал болохыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас онцолж байна. Тэгвэл ГБХЗХГ-аас ямар шалтгаанаар гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэж байгааг тогтоож эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүлүүдэд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт явуулахаар болжээ.

Б.Хулан