Фэйсбүүкийн группууд сар болгон гишүүнчлэлийн төлбөр авдаг болох уу?

Фэйсбүүк дээрх группийн админуудад сарын 4.99-29.99 ам.доллар хүртэлх төлбөрийн нөхцлийг гишүүддээ санал болгох боломжтой sub-group үүсгэх шинэхэн тохиргоо нэвтрүүлэхээр болсноо Фэйсбүүк компани лхагва гарагт мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэрийн дагуу тус компани эхний ээлжинд туршилтын шугамаар хоолны, гэр ахуйн чиглэлийн, эцэг эхчүүдэд зориулсан группуудыг төлбөртэй болгохоо мэдэгджээ. Жишээ нь манай улсад 290 мянган гишүүнтэй “Sweet Kitchen”, 45 мянган гишүүнтэй “Mommy Central”, 26 мянган гишүүнтэй “Gertee” зэрэг группууд байдаг.

Гэхдээ группээ төлбөргүй байлгах эрх нь админуудын хувьд нээлттэй бөгөөд төлбөртэй болгохыг хүсч байгаа хүмүүст sub-group үүсгэх тохиргоог Фэйсбүүк компани тун удахгүй нээж өгнө гэдгээ зарлаад байна. Өнгөрсөн хугацаанд фэйсбүүкийн группуудэд гишүүнээр элсэхийн тулд ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй байсан ч цаашдаа гишүүнчлэлийн төлбөртэй болсноор группийн үнэ цэнэ улам нэмэгдэх давуу талтай байж болох ч төлбөртэй болгосноороо гишүүдээ бүр цааш нь үргээх сул талтай байхыг ч үгүйсгэхгүй юм.

Группийн үйл ажиллагааг хянаж, цар хүрээг нь тэлэхийн тулд ихэнх цаг заваа зарцуулдаг группийн админуудын хувьд группийг төлбөртэй болгосноор хөдөлмөрөө үнэлүүлэх сайхан боломж нээгдэж байгаагийн дээр үүнийгээ дагаад группт орж байгаа контентуудын чанар сайжрахад ч мөн чухал нөлөө үзүүлнэ гэж Фэйсбүүк компанийн зүгээс найдаж байгаа юм байна.

Одоогоор энэхүү тохиргоо нь дөнгөж туршилтын үе дээрээ явж байна. Фэйсбүүк компанийн зүгээс группийг төлбөртэй болгосноороо тухайн мөнгөнөөс ашиг хүртэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа ч Apple болон Google компаниудын App Store болон Play Store-т тусгагдсан байдаг журмын дагуу хэрэглэгчдийн subscription-оос хувь хүртэх юм.

 

Эх сурвалж: The Verge