3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ

Филиппин улсын Манила хотноо энэ сарын 8-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ФИБА 3х3 ДАШТ-д оролцож, шилдэг наймд шалгарсан Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Шигшээ багийн тамирчид энэ жилийн ДАШТ-д шилдэг наймд шалгарсан цор ганц Ази тивийн баг болсон төдийгүй Монгол улсынхаа багийн спортын түүхэнд цоо шинэ хуудсыг нээсэн билээ. Хэдийгээр тэд шөвгийн наймын тоглолтод Сербийн шигшээ багт ялагдал хүлээсэн ч тус баг нь дэлхийд багийн эрэмбээрээ 1-р байрт, тамирчин тус бүрийн эрэмбээр 4-р байрт эрэмблэгдэж байгаа хүчирхэг баг юм. Харин манай шигшээ багийн тамирчдын хувьд Готовын Цэнгүүнбаяр дэлхийд эрэмбээрээ 38-р байрт, Даваасамбуугийн Дэлгэрням 39-р байрт, Энхтайваны Цэрэнбаатар 47-р байрт, Энхбатын Дөлгөөн 53-р байрт тус тус бичигдэж байна. Харин багаараа дэлхийн чансааны 5-р байрт эрэмблэгдэж байгаа билээ. Одоогийн эрэмбээр манай улсын шигшээ баг 2020 оны Токиогийн Олимпд оролцох бүрэн боломжтой байгаа юм.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Тулга:

Багийн спортоор эрх авч, дэлхийн аваргад орно гэдэг бол монгол хүн бүрийн мөрөөдөл байлаа. Харин энэ мөрөөдөл сая биеллээ оллоо. Мөрөөдлөө биелүүлэх, биелүүлэхдээ ОХУ, Бразил, нутгийн эзэн Филиппин улсын багийг хожиж, Ази тивээ төлөөлөн шилдэг наймд шалгарлаа. Энэ бүх амжилт маш олон хүний хүч хөдөлмөрөөр бий болсон. Тэгэхээр энэ амжилтыг бий болгоход туслалцаа үзүүлсэн Монголынхоо нийт сагсан бөмбөг сонирхогчдод, сагсан бөмбөгийн гэр бүлийнхэндээ баярын мэнд дэвшүүлье. Бид 2020 оны Токиогийн Олимпд оролцох бүрэн боломжтой. Цаашдаа улам их хичээх болно.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням:

Тоглолт бүхний ард бидэнтэй үргэлж цуг байсан Монголынхоо ард түмэндээ талархснаа илэрхийлье. Бидэнд хөгжүүлэх, сурч мэдэх зүйл их байна. Мөн хойч үе, дүү нараа сургах маш том зорилго, хүсэл мөрөөдлийг бид тээж ирлээ. Цаашдаа улам их хичээж, энэхүү амжилтаа илүү их бататгах болно.

Х.Сувд-Эрдэнэ