МОНГОЛЫН 3Х3 БАГИЙН ДАШТ-ИЙ ТОЙМ

ДАШТ: (0-1) МОНГОЛ 21:15 КАНАД (1-0)

2020 оны олимпийн наадмын хөтөлбөрт багтаад байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ий Си хэсэгт багтсан Монголын шигшээ багийнхан хэсгийн эхний тоглолтоо Канадын багтай хийсэн юм. Хоёр баг долоо хоногийн өмнө Улаанбаатар хотноо болсон Челленжер тэмцээнд хэсгийн шатанд таарч сүүлийн тоглолтоо хийхэд (яг энэ дөрвөн тоглогчтой) 17:8-ийн харьцаатай Монголын баг хожигдож байв.

Харин энэ өдөр тоглолтын тун сайн эхлүүлж минут хагасын дараа гэхэд 7:0-ээр тэргүүлж байлаа. Улмаар Э.Цэрэнбаатарын довтолгоон дээр эсрэг багийн тоглогч Стив Сир алдаа гаргаж торгуулийн шидэлтээр 8:0-ийн харьцаатай тэргүүлэх болсон юм. Э.Цэрэнбаатарын хоёр дахь оноо байлаа.

Эхний найман онооны дөрвийг нь Г.Цэнгүүнбаяр багтаа авчирсан. Тэрбээр тоглолтын турш долоон оноо авсан юм.

Гэвч 6:37 үлдээд байхад Канадын багаас Стив Сир хоёр онооны шидэлт амжилттай гүйцэтгэж тоо 9:8 болж ойртсон. Улмаар Майкл Линклэтерийн холын шидэлт мөн амжилттай болсноор Канадын баг тэргүүлээд эхэлсэн.

Энэ тоглолтонд Канадын багийн 31 шидэлтийн 13 нь цагаригт орлоо. Тэр дундаа Стив Сир долоон холын шидэлтийнхээ дөрвийг нь амжилттай гүйцэтгэж есөн оноогоор багаа тэргүүлсэн юм. Түүний шидэлтээр 21:15-ын харьцаатай Канадын баг энэ тоглолтонд хожлоо.

ДАШТ: (1-1) ФИЛИППИН 17:21 МОНГОЛ (1-1)

Ийнхүү анхны ДАШТ-ээ хожигдлоор эхлүүлсэн Монголын баг тэр өдрийн хоёр дахь тоглолтоо тэмцээний зохион байгуулагч Филиппиний багийн эсрэг хийлээ. Филиппиний баг хэсгийн эхний тоглолтондоо 15:7-гийн харьцаатай бразилчуудыг хожоод байсан юм.

Тоглолтын эхний минутанд Филиппиний багийн Америкд төрсөн тоглогч Стэнли Фрингль багтаа оноо авчирснаар талбайн эзэд 3:0-ээр тэргүүлж байлаа.

Улмаар тоглолт эхлээд гурван минут болж байхад Филиппиний багаас Рожер Рэй Погой холын шидэлт амжилттай гүйцэтгэж онооны харьцааг 8:2 болгосон юм.

Филиппиний баг гурав дахь жилдээ дараалан ДАШТ-д оролцож байгаа. Гэхдээ тэд энэ жил ч мөн адил 2 хожил, 2 хожигдолтой хэсгээс шалгарч чадаагүй.

Монголын залуус онооны зөрүүг нөхөж чадсан юм. 6:19-д Д.Дэлгэрням хоёр онооны шидэлт амжилттай гүйцэтгэж 9:7 болж тоо ойртсон.

Монголын баг хэдийгээр өнгөрсөн онд ААШТ-д түрүүлж, энэ жил дэд байр эзэлсэн ч тус тэмцээн бол энэхүү ДАШТ-ий сонгон шалгаруулалт биш. Харин Дэлхийн цувралуудын чансааны оноогоор Монголын залуус энэ тэмцээний эрхээ авсан билээ.

Филиппиний багийн тоглогч ААШТ-ий хамгийн үнэ цэнэтэй тоглогч Э.Дөлгөөн дээр алдаа гаргаж торгуулийн шидэлтээс онооны харьцаа 9:9 болж тэнцсэн. Ийнхүү тулаан дахин эхлээд байлаа.

Дөрвөн минутын хугацаа үлдээд байхад Д.Дэлгэрнямын холын шидэлт багийнхаа 13 дахь оноог авсан юм. Улмаар 3:17 үлдээд байхад Г.Цэнгүүнбаярын хоёр онооны шидэлт 15:12 болгож гурван онооны зөрүүтэй Монголын залуус тэргүүлээд эхэлсэн.

Эцэст нь Монголын залуус 21:17-гийн харьцаатай зохион байгуулагч орны багийг буулган авч хоёр баг ижил нэг хожил, нэг хожигдолтой болсон юм. Монголын багийн сүүлийн оноог Г.Цэнгүүнбаяр багтаа авчирлаа.

Г.Цэнгүүнбаяр долоон оноогоор багаа тэргүүлж, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар нар тус тус багтаа зургаан оноо авчирчээ.

Тоглолтын турш Монголын баг 35, Филиппиний баг 25 шидэлт гүйцэтгэсэн байна.

ДАШТ: (2-1) МОНГОЛ 21:18 ОХУ (1-2)

Харин тэмцээний хоёр дахь өдөр Монголын багийн гурав дахь өрсөлдөгч нь ОХУ-ын баг байлаа. Улаанбаатар челленжер тэмцээнд энэхүү Оросын багийн дөрвөн тоглогчийн гурав нь “Москва” багийн нэрийн өмнөөс оролцсон. Тухайн үед Монголын баг 13:11-ийн харьцаатай хожиж байсан юм. Түүний өмнө БНХАУ-ын Чендү хотноо болсон челленжер тэмцээнд ч мөн эдгээр тоглогчдыг манай залуус хожиж байлаа.

Энэ удаад тоглолт маш өрсөлдөөнтэй эхэлж дөрвөн минут болж байхад Оросын багаас Максим Дыбовскигийн холын шидэлт амжилттай болж Оросын баг 8:6-гаар хошуучлах болсон юм. Дыбовскигийн энэ тоглолтонд амжилттай гүйцэтгэсэн ганц холын шидэлт нь энэ байлаа.

Ер нь Оросын багийнхан тоглолтын турш 13 удаа хоёр онооны шидэлт гүйцэтгэсэн ч хоёр нь л цагаригт орсон юм. Мөн Монголын баг ч ялгаагүй холын шидэлтээр дөрвөн оноо л авчээ.

Тоглолтын цаг дуусахаас минут хагасын хугацаа үлдээд байхад Д.Дэлгэрнямын довтолгоо амжилттай болж онооны харьцаа 17:17-гоор тэнцсэн. Д.Дэлгэрням энэ тоглолтонд найман оноогоор багаа тэргүүлсэн бол Э.Дөлгөөн зургаан оноо авчээ. Монголын баг нийт 40 удаа шидэлт хийсний 15-ыг нь Д.Дэлгэрням гүйцэтгэсэн юм. Улмаар энэ тоглолтонд Д.Дэлгэрнямын торгуулийн шидэлтээр Монголын баг 21:18-ын харьцаатай хожлоо. Д.Дэлгэрням тоглолтын турш нэг л удаа торгуулийн шидэлт гүйцэтгэж тэр нь амжилттай болсноор энэ тулаанд цэг тавьсан юм.

Ийнхүү Монголын залуус хоёр дахиа хожиж хэсгээс шалгарах боломж бүрдсэн. Харин Бразилын багийг буулган авч тэмцээнийг хожлоор эхлүүлээд байсан оросууд дараалан хожигдлоо.

ДАШТ: (0-4) БРАЗИЛ 16:19 МОНГОЛ (3-1)

Тэгвэл Монголын залуусын хэсгийн сүүлийн тоглолт Бразилын эсрэг байлаа. Бразилчууд үүний өмнөх гурван тоглолтондоо бүгдэд нь хожигдоод байсан юм.

Гэхдээ тэд энэ тоглолтыг тун дажгүй эхлүүлсэн. Тоглолт эхлээд минут хагас өнгөрч байхад Бразилын багийн тоглогч Марселлус Сарментогийн холын шидэлт амжилттай болж 5:3-аар тэдний баг тэргүүлж байлаа. Гэхдээ Марселлусын дөрвөн холын шидэлтээс амжилттай болсон ганц нь энэ байлаа. 11 дугаартай Марселлус Сарменто таван оноо багтаа авчирсан юм.

Цаг дуусахаас 3:24 секундын өмнө мөн л Марселлусын довтолгоо 15:10 болгож тоог холдуулав. Сонирхолтой нь Бразилын багийн дөрвөн тоглогчийн хоёр нь л оноо авсан юм.

Тэгвэл хариу довтолгоонд Г.Цэнгүүнбаяр холын шидэлтээр 15:12 болгож ойртуулсан. Г.Цэнгүүнбаяр энэ тоглолтонд 50%-тай холоос шидэж зургаан оноо багтаа авчирсан. Харин Д.Дэлгэрням есөн оноогоор багаа тэргүүллээ. Цаг дуусахаас 1:45 үлдээд байхад Д.Дэлгэрнямын довтолгооны үеэр алдаа гаргасан. Ингээд тэрбээр чөлөөт шидэлтээ хоёуланг нь амжилттай гүйцэтгэж 16:15-аар Монголын залуус тэргүүлээд эхэлсэн.

Д.Дэлгэрням энэ тоглолтонд чөлөөт шидэлтийнхээ 3/4-ыг, довтолгооныхоо 6/9-г амжилттай гүйцэтгэсэн юм.

Монголын баг нийт 30 шидэлт хийсний талаас илүү нь оноо болсон. Ийнхүү цаг дуусахад 19:16-гийн харьцаатай хожиж ДАШТ-д гурван хожилтой, хоёрдугаар байраар шилдэг наймд үлдлээ. ДАШТ-ий шөвгийн наймд Ази тивээс ганц баг шалгарсан нь анх удаа оролцсон Монголын залуус байсан юм.

ДАШТ: СЕРБИ 21:8 МОНГОЛ

Улмаар тэмцээний гурав дахь өдөр Монголын багийн хасагдах шатны өрсөлдөгч нь чансааг тэргүүлэн оролцсон, хэсгийн шатны бүх тоглолтонд хожоод байсан Сербийн шигшээ байлаа. Тэд бол дэлхийн чансааны эхний дөрөвт эрэмбэлэгдсэн тоглогчдоос бүрдсэн баг. Харин Монголын багийн хамгийн өндөр чансаатай тоглогч Г.Цэнгүүнбаяр дэлхийд 38-д, Д.Дэлгэрням 40-д эрэмбэлэгдэж байгаа.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ өмнө нь дөрвөн удаа болоход бүгдэд нь Сербийн баг аваргын төлөө тунаж, гуравт нь түрүүлсэн байдаг. Ялангуяа сүүлийн хоёр жил дараалан ДАШТ-д түрүүлсэн юм.

Тоглолтын эхний хоёр минутанд Сербичүүд 6:1-ээр тэргүүлж байлаа. Гэхдээ Д.Дэлгэрням багтаа хоёр дахь оноог авсан. Д.Дэлгэрням энэ тоглолтонд ахиж оноо авсангүй. Улмаар Г.Цэнгүүнбаяр дамжуулалт тасалж өөрөө холын шидэлт амжилттай гүйцэтгэснээр 6:4 болгож ойртуулсан. Г.Цэнгүүнбаяр тоглолтын турш 5 оноогоор багаа тэргүүлсэн юм.

Цаг дуусахаас 4:50 үлдээд байхад Марко Савичийн хоёр онооны шидэлт амжилттай болж 16:6-ийн харьцаатай Сербийн баг тэргүүлж байлаа. Энэ тоглолт 7 минут 43 секунд үргэлжилсэн. Сербийн баг 21:8-ын харьцаатай хожиж хагас шигшээд шалгарсан юм.

Монголын залуус анхны ДАШТ-ээ шилдэг наймд шалгарсан амжилтаар өндөрлүүллээ.

  • ТАВАН ТОГЛОЛТОНД 16.8 ОНОО ДУНДЧИЛЛАА
  • НИЙТ 84 ОНОО АВАВ
  • Г.ЦЭНГҮҮНБАЯР 28, Д.ДЭЛГЭРНЯМ 26 ОНОО АВЧЭЭ

Бэлтгэсэн Э.Энхбаяр

Эх сурвалж: http://www.fiba.basketball/3×3