АНУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын түүхэн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө

АНУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын анхны дээд хэмжээний уулзалт Сингапур улсын Сентоза арал дээр орших тансаг зэрэглэлийн Капелла зочид буудалд Улаанбаатарын цагаар өглөөний 9 цагт албан ёсоор эхэлсэн юм. Эртнээс дайсагнасан харилцаатай байсан хоёр улс хоорондын маргаантай байдлаа энх тайван замаар шийдвэрлэхээр ийнхүү хэлэлцээрийн ширээний ард суусан нь 70 жилийн турш үргэлжилсэн их хүлээлтийг арилгаж, түүхэнд бичигдэн үлдэх үйл явдал тохиолоо.

Энэ удаагийн уулзалтаар талууд 1950 онд эхэлж, 1953 онд түр гал зогсоох гэрээгээр өндөрлөсөн солонгосын дайныг албан ёсоор дуусгах энхийн гэрээ байгуулах асуудлаар зөвшилцөлд хүрэхийн сацуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс нь ангижруулах асуудлаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд умард Солонгосын удирдагч Ким Жон Унд энх тайван замд хүрэхэд ганцхан боломж олдож байгаа нь энэхүү уулзалт хэмээн мэдэгдэж байсан. Вашингтоны зүгээс энэ удаагийн уулзалт хэлэлцээрийг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцын эхлэл болно хэмээн найдлага тавьж байгаагаа уулзалтын өмнө илэрхийлж байсан юм.

Уулзалтын эхэнд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп уулзалт хэлэлцээ амжилттай болно гэдэгт итгэлтэй байгааг онцлоод умард Солонгостой сайн харилцаа тогтоож чадна гэдэгт эргэлзэхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Харин умард Солонгосын удирдагч Ким Жон Уны хувьд энэ хүртэлх зам амаргүй байсныг дурдаад өнгөрсөн цаг хугацаанд олон саад бэрхшээлтэй тулгарсан ч энэ бүхнийг давж, уулзалт хэлэлцээ өнөөдөр биеллээ олж байна гэж мэдэгджээ. АНУ болон умард Солонгосын төрийн тэргүүн нар өөрсдийн орчуулагчдын хамтаар 40 орчим минут хаалттай уулзалт хийсний дараа орчуулагчгүйгээр ганцаарчилсан уулзалт хийсэн байна. Энэ үеэр умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ерөнхийлөгч Трамптай англи хэлээр санал бодлоо солилцсон бөгөөд түүний хувьд өмнө нь Швейцар улсад боловсрол эзэмшиж байсан юм.

Уулзалтын эхний үе 10 цаг гэхэд өндөрлөж, хоёр орны удирдагчид зөвлөхүүдийнхээ хамтаар хэлэлцээрийн ширээний ард суусан байна. АНУ-ын талаас төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол умард Солонгосын талаас Ким Жон Уны баруун гар гэгддэг Ким Ён Чоль, гадаад хэргийн сайд Ри Ён Хо зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчид уулзалтын ширээний ард суужээ. Ким Ён Чолийн хувьд хэдхэн долоо хоногийн өмнө удирдагч Ким Жон Уны захиаг ерөнхийлөгч Доналд Трамп уламжилж өнөөдрийн уулзалт хэлэлцээ биеллээ олоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм.

Уулзалтын төгсгөлд хоёр орны удирдагчид тунхаг бичигт гарын үсэг зурцгаасан юм.

Тус тунхагт:

  1. Энх тайван байдлыг цогцлоох зорилгоор хоёр орны ард иргэдийн хүсэл сонирхлын дагуу АНУ болон БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд аваачих
  2. Хамтын хүчээ нэгтгэн солонгосын хойгт тогтвортой, урт удаан үргэлжлэх энх тайван байдлыг тогтоох
  3. 2018 оны 4-р сарын 27-нд байгуулсан “Панмунжомын тунхаглал”-д тусгагдсан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс нь бүрмөсөн ангижруулах тал дээр хамтарч ажиллах
  4. Дайны хоригдлуудын дурсгалыг сэргээж, шарил солилцох гэсэн дөрвөн заалтад гарын үсэг зурсан байна.

Уулзалтыг зохион байгуулагч Сингапур улсын тухайд энэхүү уулзалтын бэлтгэл ажил болоод аюулгүй байдалд зориулж 15 сая америк долларын зардал гаргасан байна. Түүнчлэн умард Солонгосын удирдагч Ким жон уны зочид буудалд байрлах зардлыг мөн даана гэдгээ мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар тус улсад Трамп болон Кимийн дээд хэмжээний уулзалтыг сурвалжлахаар бусад улс орнуудаас цугласан 3000 гаруй сэтгүүлч ажиллаж байна.