АВСТРАЛИЙН КРИКЕТИЙН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАГЧ АСАН МОНГОЛД ЗОЧИЛЛОО

CANBERRA, AUSTRALIA - FEBRUARY 02: Alex Blackwell of Australia celebrates her century during game one of the Women's ODI series between Australia and India at Manuka Oval on February 2, 2016 in Canberra, Australia. (Photo by Mark Nolan/Getty Images)

XIII зуунд Англид үүссэн гэгддэг дэлхийн олон сая үзэгч, сонирхогчтой спортуудын нэг крикетийн монгол дахь элч төлөөлөгчөөр Австралийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч явсан, бүх цаг үеийн хамгийн олон тоглолтонд оролцсон туршлагатай тамирчин Александра Блэкуэллийг тус улсын үндэсний крикетийн спортын холбоо сонгон илгээжээ. Тэрбээр өнгөрөгч 8,9-ний өдрүүдэд Монгол улсад зочилсон юм. Алекс Блэкуэлл БСШУСЯ-ны удирдлагуудтай уулзаж крикетийн спортыг Монголд хөгжүүлэх чиглэлээр санал солилцон Монголын крикетийн холбооны багш дасгалжуулагч, тоглогч хүүхдүүдтэй уулзаж, тус спортын Монгол дахь хөгжлийг дэлхийд сурталчлах зорилготой ирсэн байна.

АВСТРАЛИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КРИКЕТИЙН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАГЧ АСАН АЛЕКС БЛЭКУЭЛЛ:

Надтай уулзсан Монгол хүн бүр надад их элгэмсэг, халуун дотно хандсан. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн зүйл нь Монголын спортын удирдлагууд сургуулийн хичээлийн хөтөлбөрт энэ спортыг оруулах тухай санал солилцсон явдал байлаа. Спорт хүүхдийн ирээдүйд ямар үнэ цэнэтэй гэдгийг ойлгож байгаа нь маш сайхан хэрэг. Цаашдаа ч засгийн газраас дэмжинэ гэж найдаж байна. Монголын крикетийн холбооноос аль болох олон сургуульд энэ спортыг дэлгэрүүлэхийг хичээж байна. Одоогоор 10 сургуульд зааж байгаа. Цаашдаа 20 гаруй сургууль крикетийн спортыг сонирхож байна. Тэгэхээр үүнд крикетийн дасгалжуулагч нар их чухал үүрэгтэй. Миний хувьд дасгалжуулагчдад өөрийн чадах мэдэх бүхнээрээ туслахыг хичээж байна.

Крикет бол дэлхийд өргөн тархсан спорт. Тэгэхээр Монголчууд ч гэсэн яагаад үүгээр хичээллэж болохгүй гэж. Миний хувьд Австралийн төлөө олон жил тоглож, 250 гаруй тоглолтонд эх орноо төлөөлөн оролцсон.Тэр дунд шигшээ багаа ч ахалж явлаа. Тэр хугацаанд гайхалтай мөчүүд, сайхан найзууд гээд миний сэтгэл санаанаас гадна бие физилоги, эрүүл мэндэд минь ч сайнаар нөлөөлсөн зүйлс олон бий. Энэ их гайхалтай спорт. Одоо харин сургуулийн хүүхдүүдэд үүнийг таниулах, крикетийг зааж өгөх, ер нь спорт гэдэг ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгуулах боломж гарч байгаад баяртай байна.”  

Өдгөө 34 настай Алекс Блэкуэлл тамирчны замналынхаа туршид Австралийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн төлөө 251 тоглолт хийхдээ 33-т нь багаа ахлан талбайд гарсан юм. Бэтсмэн буюу цохигчийн байрлалд тоглодог тэрбээр Австралийн шигшээ багтай ДАШТ-д хоёр удаа түрүүлсэн юм. Алекс 2003 оноос хойш шигшээ багтаа тоглож Австралийн бүсгүйчүүд 2005 онд дөрвөн жилд нэг удаа болдог ДАШТ-нд нэг ч ялагдалгүй түрүүлж байлаа. Алекс Блэкуэлл энэ оны хоёрдугаар сард шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарласан юм.

АВСТРАЛИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КРИКЕТИЙН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАГЧ АСАН АЛЕКС БЛЭКУЭЛЛ:

Крикет бол охид, хөвгүүдийн аль алинд нь тохиромжтой спорт. Энэ зөвхөн хөвгүүдийн спорт биш. Энэ бол бүгдэд зориулсан спорт. Яахав Монголд шинэ зүйл болохоор охид, хөвгүүдийн ялгаа гарч байж мэдэх юм. Миний харж байгаагаар бол охид хөвгүүд яг адилхан л ур чадвартай байна. Хамт нэг баг болоод ч тоглох боломжтой. Монголчууд бөх, жүдо гээд спортуудаар маш алдартай гэдгийг би ойлгож байна. Гэхдээ энэ бол монголын ирээдүй хойч крикетийн спортоор дэлхийд нэрээ цуурайтуулах, монголчууд тэднийхээ амжилтаар бахархаж мөчийн эхлэл байхыг үгүйсгэхгүй. Тэр цаг ч нэг их хол биш гэж бодож байна.

Тэрбээр 2010 онд Австралийн шигшээ багийн ахлагчаар ОУ-ын крикетийн зөвлөлийн эмэгтэйчүүдийн Т20 тэмцээнд түрүүлж байснаас гадна 2012 болон 2014 онуудад шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан мөн тус тэмцээнд түрүүлж байлаа. Алекс Блэкуэлл бол Австралийн шигшээ багт 200-аас олон удаа тоглогч анхны тоглогч төдийгүй, 250 тоглолт хийсэн мөн анхны бүсгүй болсон юм. Мөн нутгийнхаа Шинэ Өмнөд Уэльсийн багийн бүрэлдэхүүнд дотоодынхоо тэмцээнд 14 удаа аваргаар тодорч байлаа.

АВСТРАЛИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КРИКЕТИЙН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАГЧ АСАН АЛЕКС БЛЭКУЭЛЛ:

Монголын хувьд дасгалжуулагч нар нэн тэргүүнд чухал. Крикетийг гадаа талбайгаас гадна дотор танхимд ч тоглож болно. Тэгэхээр энэ спортыг монголд өвлийн хүйтнээс үл шалтгаалаад жилийн дөрвөн улирлын турш тоглох боломжтой гэсэн үг. Дээрээс нь мэдээж сургуулиудад спорт танхим байна. Тиймээс үүнийг заах крикетийн спортыг ойлгодог олон дасгалжуулагч бий болвол цаашдаа бүр олон хүүхэд тоглож эхэлнэ. Энэ талбай, асар ч гэсэн онцлогтой. Ийм асар дэлхийд ганцхан бий. Гол нь монголын крикет өөрийн гэсэн онцлогтой байгаа нь надад маш их таалагдаж байна. Тэгээд ч монгол хүүхдүүд энэ спортод миний төсөөлж байснаас хавьгүй дөртэй юм. Богино хугацаанд маш сайн сурчээ.

Мэдээж Монголын крикетийн баг ДАШТ-д оролцохын тулд наанадаж л ахиад таван жил хэрэгтэй. Түүний тулд маш олон монгол хүүхдүүд крикетийн спортоор хичээллэж, тэдэн дундаас авьяастнууд тодрон гарах нь маш чухал юм. Тэгэхээр нэн тэргүүнд олон нийтийн оролцоо чухал. Мэдээж бас үүн дээр туршлагатай дасгалжуулагч нар хэрэгтэй. Над шиг олон элч төлөөлөгч нар дэлхий даяар бий. Тэд ч энд ирэх боломжтой. Надад өмнө нь яг л Монголтой ижил Япон, Бэнуату, күүс айландс гээд крикет хөгжөөд удаагүй орнуудад ажиллах боломж гарч байсан. Гэтэл тэдний баг одоо ДАШТ-д шалгардаг боллоо. Монголын хувьд ч адилхан учраас ДАШТ-д шалгарах боломж ойрхон байна.

Крикетээр хамгийн анх 1697 онд багуудын хооронд тоглолт явагдсан бол 1744 онд албан ёсны дүрэм бичигдэж, зүгээр ч нэг зугаагаа гаргах тоглоом биш тэмцээн, спортын төрөл болсон байдаг. Харин Монгол улсад 2007 оноос хойш хөгжиж байгаа юм.