МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Чиндао хотод ШХАБ-ын дээд хэмжээний хуралд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Баттулга БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байна.

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

  1. Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко
  2. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж
  3. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийлээ.

Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзсан гол сэдэв нь хоёр улсын хамтын ажиллагаа байсан хэдий ч тус улсын зүгээс Монгол Улсыг ШХАБ-д гишүүнээр элсэн орох хэрэгтэй, ингэснээр эдийн засгийн өгөөж нэмэгдэнэ гэсэн саналаа илэрхийлсэн юм. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч ямар нэг бодитой хариулт хэлээгүй юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах уулзалт нь хэвлэл, мэдээллийнхний анхаарлын төвд байсан бөгөөд хэд, хэдэн тодорхой асуудал яригдлаа. Тухайлбал, хоёр улс ирэх онд тохиох Хал голын ялалтын түүхт 80 жилийн ойг хамтран тэмдэглэх асуудлаар харилцан тохиролцож, тэмдэглэхээр боллоо. Мөн цэрэг, зэвсэгт хүчний хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нягт хамтран ажиллана гэж ярилцсан байна.

Мөн манай улсын зүгээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын одоогийн дэд бүтцийг ОХУ-ын дэмжлэгтэйгээр сайжруулах тодорхой санал тавьж, цаашид дахин энэ асуудлыг ярилцахаар болжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийхдээ илтгэл тавьсан манай улсын Ерөнхийлөгч аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч, гурван улсыг холбосон эдийн засгийн коридорын асуудлыг дээд хэмжээнд шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Харин Монгол Улс ШХАБ-д элсэх асуудлаар ямар нэг тодорхой байр суурь илэрхийлсэнгүй. Гэхдээ Төрийн тэргүн өнөөдөр хэд, хэдэн улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүнтэй уулзах уулзалт байгаагаас гадна Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Энэ үеэр Монгол Улсын ШХАБ-ын статусын асуудал яригдах магадлалтай байна.