“Д” амин дэмийг нарны гэрлээс авах хэрэгтэй гэдэг нь өрөөсгөл ойлголт

Урин дулаан цаг ирэхэд хүмүүс бүтэн өвлийн турш авч чадаагүй Д амин дэмээ нарны туяанаас нөхөж авах хэрэгтэй гэсэн нийтлэг буруу ойлголттой байдаг. Д амин дэм нь кальци болон фосфорын адилаар хүний биеийг эрүүл чийрэг байлгахад чухал хэрэгцээтэй амин дэм юм. Гэвч нарны тусгалаас Д амин дэмийн дутагдлаа нөхөх хэрэгтэй гэдэг нь өрөөсгөл ойлголт гэдгийг эрдэмтэд анхааруулж байна.

Америкийн Арьс Өнгө Судлалын Академи /American Academy of Dermatology/-аас гаргасан зөвлөгөөнд Д амин дэмийг авахын тулд нарны хэт ягаан туяанд удаан зогсох нь хүний ДНК-г гэмтээж, улмаар Д витамины дутагдлаас ч илүү хор хөнөөлтэй байдгийг онцолжээ. Харин үүнийхээ оронд хоол хүнс болон хүнсний нэмэлт тэжээлээр Д амин дэмийн дутагдлаа нөхөх хэрэгтэйг санал болгосон байна. Нарны гэрэл хүний биед Д амин дэм ялгарах гинжин урвал үүсгэдэг нь батлагдсан ч гол асуудал нь нарны богино туяа буюу UVB цацраг нь бидний арьсны эд эсүүдийг давхар гэмтээдэгт байгаа юм. Үүний нэг жишээ нь: наранд түлэгдэх.

UVB туяа арьсны эсийг гэмтээхэд хүний биеийн дархлааны систем хариу үйлдэл хийснийг бид “наранд түлэгдэх” гэж нэрлэдэг. Нарны тусгал ДНК-г тань гэмтээсэн тохиолдолд бие махбод тань цаанаасаа тухайн хэсгийн арьсыг гуужуулах арга хэмжээ авч, улмаар арьс улайх, хуулрах шинж тэмдгээр илэрнэ. Нарны хэт ягаан туяанд олон цагаар байснаас үүдсэн ДНК-гийн гэмтэл нь цаашлаад арьсны хорт хавдар үүсгэх хүчин зүйл болдог байна.

Америкийн Арьс Өнгө Судлалын Академи 2014 онд явуулсан судалгаандаа уул хадаар болон далайн эрэг дээр аялаж, амарч байгаа хүмүүсийг оролцуулан, тэднээс цусны шинжилгээ авахад 6 өдрийн турш халуун наранд зугаалсан 71 аялагчаас Д амин дэм нь өссөн үзүүлэлт гарсан байна. Гэвч тэр хэрээрээ тэдний биеийн ДНК-д гэмтэл учруулах химийн элементүүд мөн давхар нэмэгдсэн байжээ. Тиймээс Д амин дэмийн дутагдлаа өндөгний шар, загас, сүү, жүржийн шүүс зэрэг Д витамин ихээр агуулдаг хоол хүнсээр дамжуулан авах нь эрүүл мэндэд илүү ашиг тустайг мэргэжилтнүүд зөвлөсөн байна.

“Д амин дэмийн хэрэгцээгээ нарнаас, хоол хүнснээс болон нэмэлт тэжээлийн шугамаар авахад хоорондоо ямар нэгэн ялгаатай гэдгийг баталсан судалгаа байхгүй” хэмээн тус академийн захирал Хэнри Ким мэдээлжээ. Гэхдээ энэ нь бүтэн жилийн турш гэрээсээ толгойгоо цухуйлгахгүй байна гэсэн үг биш харин ч гадуур гарч, аялж зугаалах хэрэгтэй гэдгийг тэрээр зөвлөсөн байна. Ууланд авирах, усанд сэлэх, алхалт хийх зэрэг нь дасгал хөдөлгөөн болохоос гадна нийгмийн амьдралд оролцох идэвхийг тань нэмэгдүүлж өгнө. Харин UVA болон UVB цацрагаас хамгаалах нарны тосыг түрхэж арьсаа хамгаалах нь чухал. UVA буюу нарны урт туяа нь UVB шиг таны ДНК-д гэмтэл учруулахгүй ч гэсэн үрчлээ үүсгэх сөрөг үр дагавартай байдаг байна.

Эх сурвалж: Quartz