Хөл бөмбөгийн ДАШТ, Францын нээлттэй тэмцээн болон бусад үйл явдлын мэдээллүүд

ОРОСЫН БАГ ДАШТ-ИЙ ӨМНӨХ СҮҮЛИЙН НӨХӨРСӨГ ТОГЛОЛТОНДОО 1:1-ЭЭР ТЭНЦЭВ

Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч ОХУ-ын нийслэл Москва хотноо Орос, Туркийн багууд нөхөрсөг тоглолт хийлээ. Тоглолтын 35 дахь минутанд Туркийн багийн хамгаалагчийн алдааг ашиглан Оросууд тэргүүлж эхэлсэн. Гоолын эзэн нь талбайн эздээс Александр Семедов байлаа. Алан Загоевийн дамжуулалтаар Семедов хурц өнцгөөс хаалганд бөмбөгийг оруулсан юм. Эхний хагас 1:0-ээр дууссан ч 59 дэх минутанд зочдоос Юнүс Малли алсын цохилтоор тоог тэнцүүлсэн юм. Энэ бол сүүлийн гоол байлаа. Туркчууд ДАШТ-ий эрхээ авч чадаагүй. Энэхүү тоглолт 1:1-ээр дуусч энэ жил бүх тоглолтондоо хожигдоод байсан Оросын баг ДАШТ-ий өмнөх сүүлийн тоглолтоо тэнцээгээр өндөрлүүллээ. Одоо тэд зургаадугаар сарын 14-нд Саудын Арабын эсрэг хийх тоглолтоор ДАШТ-ээ эхлүүлнэ.

ДАШТ-Д ОРОЛЦОХ БАГУУДААС ИРАНЧУУД ХАМГИЙН ТҮРҮҮНД ОХУ-Д ЗОЧИЛЛОО

ДАШТ-д оролцох багуудаас ОХУ-д зочилсон хамгийн эхний баг нь Иранчууд боллоо. Азийн бүсийн сонгон шалгаруулалтанд итгэл төгс хэсгээ тэргүүлэн ДАШТ-д шалгарсан Ираны баг тав дахь удаагаа тус тэмцээнд оролцох гэж байна. Дэлхийн чансаанд 36-д эрэмбэлэгдэж байгаа тэд энэ жил таван нөхөрсөг тоглолт хийж, гуравт нь хожоод байгаа. Тэд ДАШТ-ий өмнөх сүүлийн нөхөрсөг тоглолтоо Москва хотын Открыте аренад ирэх наймны өдөр Литвийн багтай хийх хуваарьтай байгаа. Улмаар долоо хоногийн дараа ДАШТ-ийг Мороккогийн багийн эсрэг Санкт Петербург хотноо хийх тоглолтоор эхлүүлнэ. Улмаар дэлхийн аварга Испани, Европын аварга Португал гэсэн хүчирхэг багууд тэдэнтэй хамт Би хэсэгт багтаад байгаа.

“МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД”-Д НЭГДСЭН ФРЕДЭД БАГИЙНХАН НЬ БАЯР ХҮРГЭВ

Английн “Манчестер Юнайтед” клубтэй гэрээ байгуулсан бразил хөл бөмбөгчин Фрэдэд шигшээ багийнхан нь бэлтгэлийн үеэр баяр хүргэжээ. Одоо 25 настай түүнийг Украины “Шахтар Донецк”клуб 47 сая фунт стерлингээр үнэлсэн юм. Бразилын шигшээ баг одоо Английн Лондон хотын “Тоттенхэм Хотспур” клубын бэлтгэлийн талбайд ДАШТ-д бэлтгэлээ базааж байгаа. Тэд ирэх 10-нд Вьенн хотноо зочилж Австрийн шигшээ багтай ДАШТ-ий өмнөх сүүлийн нөхөрсөг тоглолтоо хийх хуваарьтай. Дэлхийн таван удаагийн аваргууд И хэсэгт Серби, Коста Рика, Щвейцарийн багуудтай таараад байгаа билээ. Улмаар Титегийн баг ДАШТ-ий эхний тоглолтоо 17-нд Ростов хотноо Щвейцарийн багтай хийнэ. Тэгээд 22-нд Санкпетербургэд Коста Рикатай, 27-нд Москва хотноо Сербитэй хэсгийн тоглолтуудаа хийх юм.

ГЕРМАНЫ ШИГШЭЭ ДАШТ-ИЙ ӨМНӨХ СҮҮЛИЙН ТОГЛОЛТОО САУДЫН АРАБЫН ЭСРЭГ ХИЙНЭ

ДАШТ-ий цомыг хамгаалагч Германы шигшээ баг Италийн хойд нутагт бэлтгэлээ базааж байна. Тэдэнд ДАШТ-ий өмнө хийх ганц л нөхөрсөг тоглолт үлдсэн. Германы баг Улаанбаатарын цагаар ирэх баасан гарагийн шөнө Леверкузн хотноо Саудын Арабын багтай тоглох юм. Тэд хэдийгээр ДАШТ-ий Европын бүсийн сонгон шалгаруулалтанд 100%-ийн амжилтаар итгэл төгс хэсгээ тэргүүлсэн ч түүнээс хойших нөхөрсөг тоглолтонд нэг ч хожоогүй. Англи, Франц, Испанийн багуудтай тэнцэж, Бразил, Австрийн багуудад хожигдсон үзүүлэлттэй байгаа юм. Германы шигшээ баг Йоахим Лёвын сүүлд зарласан 23 хүний бүрэлдэхүүнээр сүүлийн нөхөрсөг тоглолтоо хийж, улмаар ДАШТ-д оролцохоор болоод байгаа. Тэр дунд Английн аварга “Манчестер Сити”-гийн жигүүр тоглогч Лерой Санег багтаагаагүй.

НОВАК ЖОКОВИЧ “ФРАНЦЫН НЭЭЛТТЭЙ”-Н ШӨВГИЙН НАЙМД ХОЖИГДЛОО

Талбайн теннисний их дуулга ангилалд багтдаг энэ жилийн хоёр дахь тэмцээнд Сербийн алдарт теннисчин, их дуулга тэмцээний 12 удаагийн аварга Новак Жокович шөвгийн наймын тоглолтондоо дэлхийд 72-т эрэмбэлэгдсэн Италийн теннисчин Марко Чеккинатод ялагдаж хасагдлаа. Бэртлээс эргэн ирсэн Жокович одоо дэлхийд 20-д эрэмбэлэгдэж байгаа юм. Жокович Ролан Гаррост дөрвөн удаа шөвгөрч хамгийн сүүлд 2016 онд анх удаа түрүүлж байлаа. Гэхдээ тэр жилээс хойш их дуулга тэмцээний хагас шигшээд шалгарч чадсангүй. Тэдний тоглолт дөрвөн сет үргэлжилсэн. 25 настай Итали теннисчин эхлээд 6:3, дараа нь тайбрийкээр хожсон бол гурав дахь сетд Жокович 6:1-ээр илүүрхэж хожлын харьцааг 2:1 болгосон ч дөрөв дэх сетэд тайбрийкийн 13:11 гэсэн цохилтын харьцаагаар Чеккинато дахин хожиж замналдаа анх удаа Их дуулга тэмцээний хагас шигшээд шалгарчээ.

НОВАК ЖОКОВИЧ СЕРБИЙН ТЕННИСЧИН:

“Түүнийг магтмаар байна. Тэр үнэхээр сайн тоглолоо. Сайн гаргаж, ер нь тоглолтын эхнээс л хүчтэй өрсөлдөгч байлаа. Харамсалтай нь тоглолтын эхнээс л надад бэртлийн зовиур мэдрэгдэж байлаа. Өөрийн тоглолтоо эргүүлэн олж авахад багагүй цаг зарцуулах нь. Бие нэлээд халсны дараа харьцангуй дээр болсон ч боломжуудаа ашиглаж чадаагүй. Ялангуяа дөрөв дэх сетд. Тэгээд эцэст нь тэр яллаа. Баяр хүргэе.”

ИТАЛИЙН ТЕННИСЧИН МАРКО ЧЕККИНАТО:

“Тийм ээ, гайхалтай өдөр байна. Эхний хоёр сетд Жоковичийг ялсан ч гуравдахь сетд жаахан ядарсан. Харин дөрөв дэх сетээс эргээд сайн тоглож эхэлсэн. Ялангуяа тайбрийкд олон боломж олдож, түүнийгээ ч ашиглаж чадлаа. Үнэхээр сайхан байна.”

Итали теннисчин Ролан Гарросын хагас шигшээд шалгарсан тохиолдол сүүлийн 40 жил гараагүй юм. Мөн хамгийн сүүлд 1999 онд л дэлхийд 100-д эрэмбэлэгдсэн теннисчин энэ шатанд шалгарч байлаа.

ДОМИНИК ТИМ ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРАВ

 

 

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хагас шигшээн нөгөө тоглолт Германы теннисчин Александр Зверев, Австрийн Доминик Тим нарын хооронд боллоо. Гайхалтай нь чансааны хоёрт эрэмбэлэгдсэн Александр Зверев их дуулга тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилтаа ахиулж дөнгөсөнгүй, харин Доминик Тим сүүлийн гурван жил дараалан энэ тэмцээний хагас шигшээд үлдлээ. Хоёр теннисчин долоо дахь удаагаа халз тоглож, Австри эр тав дахиа хожсон нь энэ юм байна. Доминик Тим дараагийн шатанд Новак Жоковичийг хожсон Марко Чеккинатотой тоглоно.

СЛОАН СТЕФЕНС “ФРАНЦЫН НЭЭЛТТЭЙ”-Д АНХ УДАА ХАГАС ШИГШЭЭД ҮЛДЭВ

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нэгдсэн улсын их дуулгын аварга, АНУ-ын теннисчин Слоан Стефенс, Оросын теннисчин Дарья Касаткинаг хожиж хагас шигшээд шалгарсан байна. Касаткина өмнөх шатанд Данийн алдарт теннисчин Каролин Возняцкиг ялж анх удаа их дуулга тэмцээний шөвгийн наймд шалгараад байлаа. Гэвч энэ тоглолтонд 6:3, 6:1-ээр Америк бүсгүй хожсоноор анх удаа Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд үлджээ. Одоо тэрбээр шөвгийн дөрөвт нутгийнхаа теннисчин Мэдисон Кийзтэй тоглоно.

СУНИЛ ЧЕТРИ ШИГШЭЭ БАГИЙНХАА ТӨЛӨӨ 100 ДАХИА ТОГЛОЛОО

Энэтхэгийн алдарт хөл бөмбөгчин Сунил Четри шигшээ багийнхаа төлөө 100 дахь удаагаа талбайд гарч, Кенийн багийн эсрэг хийсэн тус тоглолтонд хоёр гоол оруулсан байна. Өдгөө 33 настай нутгийнхаа Бенгалуру клубд тоглодог тэрбээр шигшээ багтаа 59 гоол оруулжээ. Энэтхэгийн шигшээ Тив хоорондын цом тэмцээний хүрээнд Кенийн багийг 3:0-ийн харьцаатай хожсон юм. Тэд гурван хоногийн өмнө Тайваний багийг 5:0-ийн харьцаатай хожиж байлаа. Өөрөөр хэлбэл Энэтхэгийн баг одоо хоёр хожилтой хэсгээ тэргүүлж тэмцээний аваргын төлөө шалгарахад ойрхон байна. Энэ тоглолтын эхний бөгөөд сүүлийн Сунил Четри багтаа авчирсан юм. Тэрбээр Бенгалуру клубын бүрэлдэхүүнд АХБХ-ны цомын тэмцээнд амжилттай оролцож, бүсийнхээ хагас шигшээд шалгараад байгаа билээ.

ӨНӨӨДӨР ШӨНӨ БЕЛЬГИ, ЕГИПЕТИЙН БАГУУД НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ ХИЙНЭ

Өнөөдөр шөнө Бельги, Египтийн шигшээ багууд Брюссель хотноо нөхөрсөг тоглолт хийх гэж байна. Бельгийн шигшээ багийн хувьд ДАШТ-ий өмнөх сүүлээсээ хоёр дахь нөхөрсөг тоглолт нь энэ юм. Гэхдээ Бельгийн шигшээ багийн дасгалжуулагч Роберто Мартинезийн эцсийн байдлаар зарласан 23 хүний бүрэлдэхүүнээрээ хийх анхны тоглолт байх болно. Бельгийн шигшээ баг 2016 оны есдүгээр сард Испанийн шигшээд хожигдож байснаас хойших хоёр жил шахам хугацаанд 17 тоглолт хийхдээ нэг ч ялагдаагүй, ялангуяа сүүлийн 10 тоглолтын наймд нь хожоод байна. Тэд ДАШТ-ий Жи хэсэгт Англи, Панам, Тунисын багуудтай таарсан. Улаанууд сүүлийн нөхөрсөг тоглолтоо Улаанбаатарын цагаар ирэх даваа гарагийн шөнө Коста Рикатай хийж, улмаар ирэх 18-нд ДАШТ-ээ Панамын эсрэг хийх тоглолтоор эхлүүлнэ.

МО САЛАХ ДАШТ-Д ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ

Брюссель хотноо ДАШТ-ий өмнөх сүүлийн нөхөрсөг тоглолтоо Бельгийн эсрэг хийх гэж буй Египетийн шигшээ багийн дасгалжуулагч Эктор Купер Ливерпүүл клубын довтлогч Мохамед Салахыг ДАШТ-д оролцох эсэх дээр тун нааштай мэдэгдэл хийжээ. Мо Салах Аваргуудын лигийн шигшээ тоглолтын эхний хагаст Серхио Рамостой тэмцэлдэх үедээ мөрөөрөө хүчтэй унаж бэртсэнээр замналынхаа хамгийн том тоглолтыг нулимстай үдсэн билээ.

ЕГИПЕТИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ ЭКТОР КУПЕР:

“Тэр маш сайн эмнэлгийн тусламж авсан. Тэгээд эдгэрч байгаа. Мөрөндөө их ачаалал өгөлгүйгээр дасгал хийгээд эхэлсэн. Биеийн бэлтгэлжилтээ хадгалж байгаа. Тэр өөрийн нөхцөл байдалдаа шаардлагатай бүхнийг хийж байгаа. Гэхдээ мэдээж тодорхой хүрээнд шүү дээ. Гэвч ерөнхийдөө сайн мэдээтэй байна. Тэр Уругвайн эсрэг хийх бидний эхний тоглолтоос хэдхэн өдрийн өмнө гэхэд бэлэн болчихно гэж хүлээж байна. Өөрөөр хэлбэл 8,9-ны үед бидэнтэй нэгдэх байх. Тэгээд Уругвайн эсрэг тоглож чадна гэдэгт бид итгэл дүүрэн байна.”

Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн ахмад тоглогч, өдгөө 45 настай Эссам Эл Хадари тамирчны замналынхаа туршид хүлээсэн ДАШТ-дээ оролцох гэж байна. Тэрбээр 25 жилийн өмнө анхны багтайгаа гэрээ байгуулж одоо шигшээ багийнхаа төлөө 160 шахам тоглолтонд оролцчихоод байгаа юм.

ЕГИПЕТИЙН ШИГШЭЭ БАГИЙН ХААЛГАЧ ЭССАМ ЭЛ ХАДАРИ:

“Мэдээж тэмцээнд оролцохоор болсондоо маш их баяртай байна. Ер нь багийнхан маань ч 28 жилийн дараа ДАШТ-д оролцож байгаа учраас баяртай байгаа. Тиймээс багийнхандаа хамгийн сайн сайхныг хүсч байна. Би тэдний төлөө чадах бүхнээ хийнэ. Тэгээд хэсгээс шалгарна гэдэг найдвар дүүрэн байгаа.”

Египетийн шигшээ баг ДАШТ-ий эхний тоглолтоо 15-нд Екатринбург хотноо Уругвайтай хийх бол Улаанбаатарын цагаар 19-ны мягмар гарагийн шөнө удаах тоглолтоо Оросын багтай, харин хэсгийн сүүлийн тоглолтоо 25-ны даваа гарагт Саудын Арабтай хийх хуваарьтай байгаа юм.