МОНГОЛЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ ДАШТ-Д ОРОЛЦОНО

“УЛААНБААТАР” ХАСАГДАХ ШАТАНД “МОСКВА”-Г ДАХИН ХОЖИВ

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн цуврал челленжер тэмцээнээр үргэлжилж, Улаанбаатар баг шилдэг дөрөвт шалгарлаа. Улаанбаатар баг хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын Чендү хотноо болсон челленжер тэмцээнд хүрэл медаль хүртэхдээ хасагдах шатанд ОХУ-ын Москва багийг хожиж байсан. Тэгвэл энэ удаад ч буулгаж авснаар хагас шигшээд шалгарлаа. Улаанбаатар баг хэсгийн шатнаас хоёрдугаар байраар шалгарч шилдэг наймд өрсөлдсөн. Гэхдээ энэ тоглолтонд гарын бэртлээ эдгээж байгаа ААШТ-ий МВП Э.Дөлгөөн оролцоогүй. Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, А.Сүхбат нар тоглосон юм. Энэхүү челленжер тэмцээн Филиппин улсад болох ДАШТ-ээс ганцхан долоо хоногийн өмнө зохион байгуулагдаж байгаагаараа маш онцлогтой. Тиймээс ч ДАШТ-д оролцох 20 тоглогч төв талбайд зочилсон юм. Дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн “Нови Сад” болон Словенийн Пиран зэрэг багууд болон Улаанбаатар баг буюу өнгөрсөн жилийн Азийн аварга, энэ жилийн дэд байрын эзэн Монголын шигшээ, манай багтай ДАШТ-д нэг хэсэгт багтсан Канадын багууд ДАШТ-ий бэлтгэлээ базаасан юм. Мөн Улаанбаатар челленжер тэмцээн Токио 2020 олимпийн наадмын оноо цуглуулах цувралуудын нэг байлаа. Цаг дуусахаас 3 минутын өмнө Г.Цэнгүүнбаярын дундын шидэлт амжилттай болж Улаанбаатар баг 9:5 –аар тэргүүлж байлаа. Гэхдээ энэ зөрүүг Москва баг арилгаж чадсан юм. 1:23 секундын өмнө онооны харьцаа 11:11-ээр тэнцсэн. Гэхдээ Д.Дэлгэрнямын амжилттай довтолж багтаа дахин тэргүүлж эхэлсэн. Тэрбээр хоёр довтолгоо дараалан амжилттай гүйцэтгэсэн юм. Чендүгийн челленжер тэмцээнд Д.Дэлгэрням тэмцээний турш 28 оноо авч байлаа. Улмаар энэ тоглолтонд 13:11-ийн харьцаатай Улаанбаатар баг хожиж шилдэг дөрөвт шалгарсан юм.

“УЛААНБААТАР” ХАГАС ШИГШЭЭД ХОЖИГДОЖ ДӨРӨВДҮГЭЭР ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

 

Улмаар дараагийн тоглолтоо Австралийн Мэлбурн багтай хийсэн юм. Хагас шигшээн нөгөө тоглолтонд Словенийн “Пиран” 18:14-ийн харьцаатай “Нови Сад”-ыг хожиж финалд шалгараад байлаа. Улаанбаатар челленжер тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч Серби, дэд байранд эрэмбэлэгдэж байгаа Словени болон Австрали, Польш, Канад, Япон, ОХУ зэрэг улсын багууд оролцож нийт 12 багийн дунд өрсөлдөөн өрнөсөн юм. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн мэргэжлийнхний дэлхийн цуврал өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Монголын шигшээ багийн энэ жилийн ААШТ-д дэд байр эзэлсэн бол шигшээ багийн тоглогчдыг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн Улаанбаатар баг энэ улирал үүний өмнө таван челленжер тэмцээнд оролцохдоо хоёрт нь гуравдугаар байр эзэлж байлаа. Харин энэ тоглолтын тухайд таван минут гаруй хугацаа дутуу байхад Австралийн багийн тоглогчийг хоёр онооны шидэлт гүйцэтгэх үеэр Г.Цэнгүүнбаяр алдаа гаргаж торгуулийн шидэлт гүйцэтгэх болсон юм. Улмаар Австралийн багийн тоглогч хоёр чөлөөт шидэлтээ аль алийг нь амжилттай оруулснаар 12:5-ийн харьцаатай “Мэлбурн” тэргүүлж эхэлсэн. Улмаар 21:14-ийн харьцаатай хожиж аваргын төлөө шалгарсан юм.

“УЛААНБААТАР ЧЭЛЛЕНЖЕР”-Т СЛОВЕНИЙН “ПИРАН” ТҮРҮҮЛЭВ

Ийнхүү 20,000 америк долларын шагналын сантай Улаанбаатар Челленжер тэмцээн Сүхбаатарын талбайд явагдаж Словенийн “Пиран” түрүүлж 10000 америк доллараар шагнуулсан бол Австралийн “Мэлбурн” дэд байр эзэллээ. Харин Сербийн “Нови Сад” гуравт орж, “Улаанбаатар” дөрөвдүгээр бичигдсэн юм. Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг одоо ДАШТ-нд оролцоно. Тэд тэмцээний Си хэсэгт багтаж ОХУ, Бразил, Канад болон тэмцээний зохион байгуулагч Филиппиний багуудтай таараад байгаа юм.