ДАШТ-ий өмнөх мэдээллүүд, Францын нээлттэй тэмцээн, хөл бөмбөгийн наймаануудын тухай

АВСТРАЛИЙН ШИГШЭЭ ЭЦСИЙН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ АНХНЫ БЭЛТГЭЛЭЭ ХИЙВ

Азийн бүсээс ДАШТ-ий эрхээ авсан тав дахь баг Австраличууд тэмцээнд оролцох 23 хүний бүрэлдэхүүнээ эцсийн байдлаар зарлаж, тус багаараа анхны бэлтгэлээ хийлээ. Оны эхээр Австралийн багийг удирдах болсон голланд дасгалжуулагч Берт Ван Марвик энэ удаагийн бүрэлдэхүүндээ 19 настай хагас хамгаалагч, нутгийнхаа Мэлбурн клубд тоглодог Даниел Арзаниг ДАШТ-д авч явахаар болсон нь сонирхолтой шийдвэр байлаа. Тэрбээр энэ сард Чехийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтын 84 дэх минутанд Мэтью Ликигээр сэлгэгдэн талбайд гарч шигшээ багийнхаа төлөө анх удаа тоглосон юм. Мөн 38 настай алдарт довтлогч Тим Кэхилл дөрөв дэх ДАШТ-дээ оролцох гэж байгаа бол 33 настай багийн ахлагч Майл Единак, 36 настай хаалгач Брэд Жонес нар шигшээ багтаа зүтгэнэ. Австраличууд ДАШТ-ий эхний тоглолтоо Францын эсрэг хийнэ. Түүнээс өмнөх сүүлийн нөхөрсөг тоглолтоо ирэх бямба гарагт Будапешт хотноо зочилж Унгартай тоглоно.

БРАЗИЛ ХӨЛ БӨМБӨГЧИН ФРЭД “МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД”-Д НЭГДЭЖ БАЙНА

Бразилын шигшээ багийн ДАШТ-ий бүрэлдэхүүнд багтаад байгаа, Украины Шахтар Донецк клубын тоглогч Фрэдийг Английн Манчестер Юнайтед клуб бүрэлдэхүүндээ нэгтгэхэд тун ойрхон байна. Өдгөө 25 настай Фрэд Английн клубын энэ зуны эхний наймаа болж байгаа юм. Түүнийг авахын төлөө 52 сая паунд буюу 69.5 сая америк долларын тохиролцоонд хүрчээ. Бразилын шигшээ баг ДАШТ-ий өмнөх сүүлийн нөхөрсөг тоглолтоо энэ ням гарагт Австрийн шигшээ багтай хийнэ.

К.ВОЗНЯЦКИ ФРАНЦЫН ИХ ДУУЛГЫГ ОРХИЛОО

Францын их дуулга тэмцээний дөрөв дэх шатанд Данийн алдарт теннисчин, энэ жилийн Австралийн их дуулгын аварга, дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдсэн Каролин Возняцки хожигдлоо. 21 настай орос теннисчин Дариа Касаткина эхлээд тайбрийк, дараа нь 6:3-аар хожиж замналдаа анх удаа их дуулга тэмцээний шилдэг наймд үлдлаа. Каролин Возняцки өнгөрсөн жил Ролан Гаррост шөвгийн наймд шалгарч байсан ч энэ жил түүндээ хүрч чадсангүй. Касаткина 14-т эрэмбэлэгдэж байгаа. Тэрбээр дараагийн тоглолтоо америк теннисчин Слоан Стефенстэй хийнэ.

ТЭРГҮҮЛЭГЧ С.ХАЛЕП ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРЛАА

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч, румын теннисчин Симона Халеп гурав дахь ялалтаа байгууллаа. Тэрбээр Бельгийн теннисчин Элисе Мертенсийг 6:2, 6:1-ээр илт давуу буулган авсан юм. Симона Халеп өнгөрсөн жил хоёр дахиа Францын тэмцээнд финалд шалгарсан. Харин энэ жил Австралид мөн аваргын төлөө тунасан билээ. Одоо 26 настай Халеп одоо шөвгийн наймд анх удаа Роланд Гарросын шилдэг наймд үлдээд байгаа их дуулгын хошой аварга Анжелике Кербертэй тоглоно.

ВИНСЕН КОМПАНИ ДАШТ-Д ОРОЛЦОХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА

Бельгийн шигшээ багт ДАШТ-ий өмнө хийх хоёр нөхөрсөг тоглолт үлдээд байна. Гэвч дасгалжуулагч Роберто Мартинез тэмцээнд оролцох бүрэлдэхүүнд төвийн хамгаалагч Винсен Компани цавины бэртлийн улмаас багтах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Португалын эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтонд бэртсэн. Тиймээс ч Компанигийн нөөцөнд Америкийн лигт тоглодог Лоран Симаныг аваад байна. Хэрэв Панамын эсрэг хийх ДАШТ-ий нээлтийн тоглолтоос 24 цагийн өмнө гэхэд Компани бүрэн эдгэрээгүй тохиолдолд тэрбээр шигшээдээ багтах юм. Эдэн Азар шигшээ багтаа ахалж, Ромелу Лукаку довтолгоонд тоглох бол Кристиан Бентеке сүүлийн бүрэлдэхүүнд багтаж чадсангүй. Бельгийн баг ДАШТ-ий хэсгийн шатанд Панамын дараа Тунис, эцэст нь Англитай тоглох хуваарьтай байгаа.

САМУЭЛ УМТИТИ “БАРСЕЛОНА”-ТАЙ 2023 ОН ХҮРТЭЛ ГЭРЭЭГЭЭ СУНГАЖЭЭ

Францын шигшээ багийн тоглогч Самуэл Умтити Испанийн лигийн аварга Барселона клубтэй 2023 он хүртэл гэрээгээ сунгажээ. Одоо 24 настай Умтити энэ зуны цонхоор Английн Манчестер Юнайтед клубтэй нэр холбогдоод байсан юм. Тэгвэл түүний шинэ гэрээнд тусгагдсанаар хэрвээ сунгасан гэрээ дуусахаас өмнө тэрээр өөр багт очихоор болвол 500 сая еврогийн нөхөн төлбөр шаардагдах юм байна. Умтити 2016 онд Францын Лион клубээс 26 сая еврогоор Каталоны багт нэгдэж хэдийн 80 гаруй тоглолтонд оролцож Ла лигийн аварга, Испанийн цомын тэмцээний хошой аварга болчихоод байгаа. Өнгөрөгч нэгэнд Францын шигшээ Италичуудыг 3:1-ээр хожиход Умтити эхний гоолыг оруулж байлаа. Тэрбээр ДАШТ-ий үеэр Барселона клубын хамтрагчдынхаа эсрэг тоглох нь дамжиггүй юм.

ОРОСЫН ШИГШЭЭ ТУРКИЙН ЭСРЭГ ТОГЛОЛТОНД БЭЛТГЭЖ БАЙНА

ДАШТ-ийг зохион байгуулагч ОХУ-ын хөл бөмбөгийн шигшээ баг Москва хотноо Туркчүүдийн эсрэг хийх нөхөрсөг тоглолтонд бэлтгэж байна. Тэдний тэмцээний өмнөх сүүлийн тоглолт байх болно. Одоо дэлхийд 66-д эрэмбэлэгдэж байгаа Оросын баг он гарснаас хойш Бразил, Франц, Австрийн багуудтай тоглосон ч бүгдэд нь хожигдсон. Одоо тэд ДАШТ-д Саудын Араб, Египт, Уругвайн багуудтай таараад байгаа. Тиймээс түүхэндээ анх удаа ДАШТ-д хэсгээс шалгарахыг зорьж байгаа юм. Леонид Слуцкигийн удирдаж байсан ОХУ-ын шигшээ баг ЕАШТ-д хэсгээс шалгарч чадаагүй учир ажлаа өгч нэгэн цагт Оросын шигшээ багийн хаалгач явсан Станислав Черчесов 2016 оны наймдугаар сараас хойш шигшээ багийнхаа дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм. Оросын шигшээ багийн ахлагч, гарааны хаалгач Игор Акинфеев одоо 32 настай бол хагас хамгаалагч Александр Семедов 33, Брюгге клубд тоглодог хаалгач Владимир Габулов, хагас хамгаалагч Юри Жирков нар 34, хамгаалагч Сергей Игнашевич 38 настай. Тэдний Москва хотноо хийх Саудын Арабын эсрэг тоглолтоор 21 дэх удаагийн хөл бөмбөгийн ДАШТ эхэлнэ.

Р.НАДАЛ 11 ДЭХЭЭ ТҮРҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

Испанийн алдарт теннисчин, дэлхийн чансааг тэргүүлэгч, их дуулгын 16 удаагийн аварга, шавар талбайн “хаан” Рафаэл Надал Францын нээлттэй тэмцээний дөрөв дэх шатанд өөрөөсөө 10 насаар дүү германы теннисчин Максимилиан Мартерерийг гурван үед дараалан илүүрхснээр шөвгийн наймд шалгарлаа. Одоо 32 настай Надал өнгөрсөн жил Ролан Гаррост 10 дахиа түрүүлсэн. Тэрээр өмнө нь 2005-08, 2010-14 онуудад тус бүр дараалан дөрвөн жил түрүүлж байлаа. Надал энэ жилийн эхний их дуулгыг шөвгийн наймаас орхиж байсан. Одоо тэрээр Аргентинийн теннисчин Диего Щварцмантай дараагийн тоглолтоо хийнэ.

Л.МОДРИЧ, НЭЙМАР НАР ӨМСГӨЛӨӨ СОЛИЛЦЖЭЭ

Өнгөрсөн ням гарагт болсон Бразил, Хорватын шигшээ багуудын нөхөрсөг тоглолтын дараа Лука Модрич, Нэймар нар өмсгөлөө солилцжээ. Тус тоглолтонд 2:0-ээр Бразилчууд хожиход Нэймар эхний гоолыг оруулсан юм. Бэртлийн улмаас өнгөрөгч хоёрдугаар сараас хойш тоглоогүй байсан бразил довтлогч анхны тоглолтондоо гоол оруулсан нь тэр байсан юм. 26 настай Нэймар Мадридын багтай нэр холбогдоод байгаа. Тэрбээр 2013 оноос өнгөрсөн жил хүртэл “Реал Мадрид”-ын гол өрсөлдөгч “Барселона”-д тоглож байгаад 222 сая еврогоор рекорд тогтоон Францын нийслэлийн багт нэгдсэн билээ.

К.РОНАЛДУ ШИГШЭЭ БАГИЙНХАНТАЙГАА НЭГДЛЭЭ

Дэлхийн шилдэг хөл бөмбөгчний таван удаагийн шагналт, замналдаа 26 цом өргөөд байгаа Португалын алдарт хөл бөмбөгчин Криштиану Роналду шигшээ багтайгаа нэгдсэн байна. Өдгөө 33 настай түүнийг өнгөрсөн жилийн Холбоодын цомын тэмцээний үеэр “Реал Мадрид”-ыг орхих хүсэлтэй байгаа тухай мэдээлэл Португалын хэвлэлүүдэд гарч байсан. Тэгвэл энэ жил Аваргуудын лигт түрүүлсний дараа Роналду “үнэхээр сайхан байлаа” гэж хэлсэн нь тус дуулианыг улам ч дэвэргээд байгаа юм. Гэхдээ Роналдугийн Мадридын багтай байгуулсан гэрээ 2021 онд дуусна. Европын аварга Португалын шигшээ энэ жил дөрвөн тоглолт хийхдээ нэг хожиж, хоёр тэнцсэн. Хамгийн сүүлд Бельгийн шигшээтэй хийсэн тоглолт гоолгүй өндөрлөсөн юм. Одоо тэд ДАШТ-ий өмнөх сүүлийн тоглолтоо Алжиртай пүрэв гарагийн шөнө хийнэ.

ЧИЛИЧҮҮД МАРИПАНЫ ГООЛООР СЕРБИЙН ШИГШЭЭГ ХОЖЖЭЭ

Австрийн Граз хотын цэнгэлдэхэд Чили, Сербийн хөл бөмбөгийн шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийжээ. Чилийн шигшээ баг ДАШТ-д шалгарч чадаагүй. Харин Европын бүсээс хэсгээ тэргүүлэн тэмцээнд шалгарсан Сербичүүд И хэсэгт Бразил, Коста Рика, Щвейцарийн багуудтай таараад байгаа юм. Энэ тоглолтонд Чилийн багаас Алексис Санчез, Артуро Видал нар оролцсонгүй. Гэхдээ тэд тоглолтын сүүлээр Гуильермо Марипаны оруулсан гоолоор 1:0-ийн харьцаатай хожсон байна. Сербичүүд одоо сүүлийн нөхөрсөг тоглолтоо ирэх ням гарагт Боливын эсрэг хийнэ. Харин ДАШТ-ийг 17-нд Коста Рикагийн эсрэг хийх тоглолтоор эхлүүлэх юм.

“ВАШИНГТОН КАПИТАЛС” ЦУВРАЛЫГ 3:1-ЭЭР ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭВ

 

Хойд Америкийн хоккейн лигийн аваргын төлөөх Стэнлийн цомын цувралын дөрөв дэх тоглолт Вашингтон хотноо боллоо. 20 жилийн дараа, түүхэндээ хоёр дахь удаагаа концеренцийнхээ аваргаар тодорсон Вашингтон Капиталс, лигт орсон анхны улиралдаа конференцдээ түрүүлж финалд шалгарсан түүхэн амжилтыг 40 шахам жилийн дараа гаргаж байгаа Вегас Голден Найтс багуудын энэ удаагийн тоглолтонд нийслэл баг 6:2-оор хожсон юм. Тэд эхний үед л гэхэд 3:0-ээр тэргүүлж байлаа. “Вегас Голден Найтс” цувралын эхний тоглолтонд л талбайдаа хожсоноос хойш гурав дахь дараалсан ялагдлаа хүлээлээ. Өөрөөр хэлбэл “Вашингтон Капиталс”-т дахиад ганц хожил хэрэгтэй. Гэхдээ дараагийн тоглолт Лас Вегаст болно.