МАН-ын гишүүд жагслаа

Ирэх сарын 7-нд Монгол Ардын Намын ээлжит бага хурал зохион байгуулагдана. Гэвч 34-р бага хурлын төлөөлөгчийг сонгох журмаа зөрчин намын анхан шатны байгууллагын жирийн гишүүд, төлөөлөгчдийг ялгаж намын дүрмийг хэсэг бүлэг хүмүүс зөрчиж байна гэж тус намын гишүүд үзэж байна. Тиймээс Нийслэлийн Монгол Ардын Намын хороог шинэчлэх хөдөлгөөнөөс бага хурлын гишүүн сонгох журамд өөрчлөлт оруулахыг шаардлаа.

Нийслэлийн Монгол Ардын намын 300 гишүүнийг нийслэлийн 152 хорооны үүрээс, үлдсэн 69 төлөөлөгчийг шууд квотоор оруулах шинэ журам үйлчилж байгаа. Гэвч 69 гишүүнийг шууд квотод оруулахаар болсон нь МАН-ын дүрэм зөрчсөн явдал гэдгийг намын гишүүд хэлж байна. Мөн нийслэлийн намын хорооны тэргүүлэгч нар гаргасан алдаатай шийдвэрээ намын дүрэмд нийцүүлэх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн чиглэлийн дагуу төлөөлөгч сонгох журмаа шинэчлэх, анхан шат үүрээс сонгох шаардлагуудад шийдвэр гаргуулахаар шаардаж өнөөдөр Сүхбаатарын талбайд тус намын хороог шинэчлэх хөдөлгөөнийхэн жагссан юм.

Б.Одонгарав