Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болжээ

Удаан хугацааны турш хүлээлт үүсгээд байсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. Тодруулбал нийт хүүхдийн 80 хувьд буюу 0-18 насны 228 мянга орчим хүүхдэд сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох тогтоолын төслийг гишүүдийн 68 хувь нь дэмжсэнээр тус тогтоол батлагджээ.

Өнгөрсөн 4-р сард Ерөнхийлөгчийн санаачилсан Хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай, Засгийн газрын хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг нэгтгэн төсвийн байнгын хороонд хэлэлцэн ийнхүү УИХ-ын чуулганаар ийнхүү дэмжлээ. Улмаар Засгийн газарт 2018 оны 4-р сараас эхлэн олгоход нэмж шаардагдах батлагдсан төсөвт зохицуулалт хийх, мөн нийгмийн халамжийн тухай хууль заасан босоо шугамын харгалзах оноог шинэчлэх, хамрах хүрээг тогтоох, 2019 оноос эхлэн жил бүр улсын төсөвт оруулах арга хэмжээг даалгажээ. Харин чуулганы үеэр гишүүд үндсэн хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохгүй байгаа нь нийгмийн ялгаварлыг бий болгож үндсэн хуулийг зөрчиж байна гэж байсан юм.

Ийнхүү 2015 оноос эхлэн нийт хүүхдийн 60 хувьд олгож байсан хүүхдийн 20 000 төгрөгийг 80 хувьд олгоход шаардагдах 41 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Азийн хөгжлийн банктай хэлэлцсэн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн төсвөөр шийдхээр болсон байна. Ямартай ч 4-р сарын хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор болжээ.