Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуулийн захирал ажлаасаа халагджээ

Бид түрүү түрүүчийн хөтөлбөрүүдээрээ 29-р сургуулийн сурагчид багш нарынх нь заах арга, ур чадвар өмнөхөөс сайжрахгүй байгаад сэтгэл дундуур байгаа талаар мөн сурагчдын дотуур байранд нь оношлогооны төв байрласнаар сурагчдын ая тухтай амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар, түүнчлэн 116-р сургуулийн сурагчдын сурах орчин, сургалтын хэрэглэгдэхүүн хангалтгүй байгаа зэрэг асуудлуудыг хөндөж цуврал сурвалжлагуудыг шийдвэр гаргагчдын, холбогдох албаныхны анхааралд хүргэж байсан.

Түүнчлэн энэ долоо хоногийн эхэнд харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургуулийн төгсөлтийн шалгалтууд эхлэх ёстой байсан ч захирал энхзул шалгалтуудыг хойшлуулсан байна. Захирал Э.Энхзул халагдах тушаал нь гарсан хэдий ч сургуулийнхаа нэр бүхий багш нарыг халах тушаал дур мэдэн гаргажээ. Харин 29-р тусгай сургуулийн захирлын хувьд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэж орсон хэдий ч гурван сарын хугацааны дараа түүний цаашид ажиллах эсэхийг эргэн харахаар болжээ.

Тэгвэл эдгээр асуудлуудыг хөндсөн манай сурвалжлагчдын болоод бусад хэвлэлийн дуу хоолой боловсролын сайдын анхаарлын төвд орж тусгай сургуулиудын шаардлага хангахгүй байгаа захирлуудыг ажлаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн байна.

Б.Одонгарав