Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний хэмжээний баатар мэндэллээ

Өнөөдөр сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Аргальхүү нэртэй цоо шинэ баатар мэндэллээ. Зөвхөн монгол нутагт байдаг улаан номонд орсон аргаль гэдэг ховор амьтнаар төлөөлүүлэн бүтээсэн Аргальхүү нь сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний хэмжээний анхны баатар болохыг сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс онцолж байна.

Манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Учир нь монголд насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь, харин хүүхдүүдийн хувьд таван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн хүнд болон хөнгөн хэлбэрийн эмгэгтэйг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс үндэсний хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголт, боловсролыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэн сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Аргальхүү нэртэй баатрыг бүтээсэн байна.

Өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Аргальхүү баатар нэг өдрийг хүүхэд багачуудтай хамт өнгөрүүллээ. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний хэмжээний баатар Аргальхүүтэй 1000 гаруй хүүхдүүд танилцаж, арга хэмжээний үеэр сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл заслын эмч нар 30 гаруй хүүхдээс сэтгэл зүйн сорил авч зөвлөгөө өгсөн байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүтээсэн Аргальхүү баатар болон, энэхүү төслийн хүрээнд эхний ээлжинд хүүхэд багачуудад зориулсан аутизм гэж юу вэ зурагт номыг гаргасан байна. Цаашид хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагших эмгэг гэж юу вэ цуврал зурагт номыг гаргахаар төлөвлөсөн байна. Мөн энэхүү зурагт ном эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч, олон нийтэд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой гарын авлага болохыг аргальхүү төслийн зүгээс онцоллоо.

Б.Хулан