Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил олгогч нар гадаад байдлаас дүгнэж ялгавартай хандаж, ажилд авахаас татгалздаг

Манай улсад ажил хөдөлмөр эрхлэх насны хөгжлийн бэрхшээлтэй 92 мянга гаруй хүн байдаг. Гэтэл үүнээс дөнгөж 20 мянга орчим хүн ажил хөдөлмөр эрхэлж байна. Хэдийгээр хөдөлмөрийн тухай хуулинд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах зохицуулалт байгаа ч аж ахуйн нэгж, байгууллагуудын багахан хувь нь тэднийг ажлын байраар хангаж байгаа мэдээлэл байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй Б.Мишээл охин хүссэн мэргэжлээ эзэмшсэн ч ажилд орж чадахгүй байна.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 103 630 хүн байгаагаас 19 970 нь хөдөлмөр эрхэлдэг. Харин хөдөлмөрийн насны 92130 иргэн байна. Эдгээр иргэдийн төлөөлөл нь Б.Мишээл. Тэр 25 настай төрөлтийн хүндрэлээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон хэдий ч энгийн хүүхдүүдийн хамт цэцэрлэг, сургуульд суралцаж улмаар хүрээ дээд сургуулийг компьютер график дизайнер мэргэжлээр 2017 онд төгсч дээд боловсролтой болж чадсан юм. гэвч сургууль төгссөнөөс хойш ажил идэвхтэй хайсан ч ААН, компаниудын хаалга түүний өмнө хаалттай хэвээр байна. Уг нь мэргэжлийнхээ дагуу чадвараа эзэмшсэн ч түүнийг ажилд авах нь битгий хэл утасны цаанаас ч татгалзсан хариулт өгсөн аж ахуйн нэгжүүд олон байсан юм. График дизайнер ажилд авна гэсэн зарын дагуу мишээл тодруулага авхад 12 компаниас тал хувь нь татгалзсан хариу өглөө.

Мишээлийг ажил хайх хугацаанд анкет бөгөлсний дараа эргээд хариу хэлэе гэх аль эсвэл шууд татгалзсан хариулт өнгөрсөн хугацаанд компаниудын зүгээс өгч байжээ. Мөн тухайн байгууллагын ресепшин, хүний нөөц гадна байдлаас нь шалтгаалж шууд татгалзах тохиолдол ч гардаг. Уг нь Б.Мишээл компьютер график дизайнераар бие даасан хэд хэдэн бүтээл гаргаж бусад мэргэжилтнүүдийн адил ажиллах чадамжтай. түүний хувьд ажилд орох зайлшгүй шалтгаан бас зорилго байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулиар 25 түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага нь ажил албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй, одой хүнийг ажиллуулна гэж заасан. Хэрэв ажиллуулаагүй бол зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлөх зохицуулалттай. Нийт 140 мянга гаруй ААН байгаагаас 25 аас дээш ажилтантай 2900 ААН-ын ердөө 1500 нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байна. Үлдсэн хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 30-40 хувьтай тэнцүү төлбөр төлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс дээд боловсролтой ажил идэвхтэй хайж байгаа ганцхан бүсгүйн жишээ. Тэр өмнөө зорилго тавьсан хэдий ч бодит байдал эсрэгээрээ байгаа юм.

Б.Одонгарав