Замын цагдаагийн албанаас иргэдийн цахим орчинд нийтэлсэн баримттай нотолгоотой мэдээллийн дагуу буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэдэг болсон. Хамгийн сүүлд өнгөрөгч баасан гарагт буюу 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 23-р сургуулийн гадна явган хүний гарц дээр зогссон автомашины жолоочид шаардлага тавьсан иргэнд уг жолооч танхайрсан нь цахим орчинд тавигдсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага зөрчил гаргасан дээрх жолоочийг шалгаж баривчлах шийтгэл оногдуулжээ.

Тодруулбал ЧД-ийн 23-р сургуулийн явган хүний гарцан дээр зогсож замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид тус сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан иргэн шаардлага тавьхад эсэргүүцэн танхайрсан жолоочийг цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, олон нийтийн газар танхайрсан гэсэн үндэслэлээр шалгаж байна. Мөн өчигдөр буюу бямба гаригт тохиосон автомашингүй өдөр СБД, Нарны замын уулзварт цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, явган хүний замаар автомашинтай зорчиж замын хөдөлгөөний дүрэм биелүүлэгүй жолоочийг шалгаж улмаар Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс 30 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдууллаа.

Б.Одонгарав