Улаанбаатар хотын 167 гудамж, талбайг нэрлэсэн

379 жилийн түүхт Улаанбаатар хот маань өнөөдрийн байдлаар 167 гудамж, талбайг нэршүүлсэн байдаг. Дээрх гудамж талбайн нэрийг албан ёсны хаяг бүртгэлд хэрэглэдэг ч иргэд өдөр тутамдаа хэрэглэх нь тааруу байгаа юм. Учир нь нийслэлийн иргэд гудамж талбайн нэрийг амнаас ам дамжин уламжлан ирсэн нэрээр дуудан, хэрэглэж дадсан байдаг. Аливаа гудамж талбайг нэрлэсэн нь хаягжилттай холбоотой үйлчилгээ эрхэлдэг байгууллага, түргэн тусламж, гал команд шуудан, харилцаа холбоо, цагдаа, иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг харилцан уялдуулах, тэдгээрийн үйлчилгээг хөнгөвчлөх зорилготой байдаг. Тэгвэл Улаанбаатар хот 1990-2015 онд нийт 161 гудамж талбайг нэршүүлсэн байдаг байна.

Нийслэл хотод хүний нэрээр нэрлэсэн 55 гудамж, гадаадын хотын нэртэй 12 гудамж, энгийн нэртэй 74 гудамж байдаг. Тэгвэл иргэдийн дунд гудамжны албан ёсны нэрийг хэрэглэхээс илүүтэй нийслэлийн бүсүүдийг хуучны хэлж заншсан нэрээр дуудаж хэрэглэдэг. Жишээлбэл:Цагдаагийн гудамж бол бидний хэлж заншсанаар 100 айл орчим юм.

Өнөөг хүртэл иргэдийн хэрэглэж заншсан газар, гудамж талбайн нэр тухайн цаг үеийнхээ түүхийг хадгалж байдгаараа онцлогтой. Тиймээс нйислэлийн гудамж талбайн түүхт нэрнүүд ямар учир, түүхтэй болохыг таньж мэдэх нь нийслэл хотынхоо түүхтэй танилцах боломж болохыг судлаачид онцолж байна.

Б.Хулан