ХҮҮХДИЙН БЭЛГИЙГ САЙТАР ШАЛГАЖ АВАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Өнгөрсөн жил нийслэлийн мэргэжлийн хяналтын газар эх үрсийн баярыг угтан нийслэлийн есөн дүүрэгт хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад 200 гаруй зөрчил илэрсэн бол үүнээс хүүхдийн баярын бэлэг, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой багагүй зөрчил гарчээ. Тиймээс хүүхдийн баяран бэлгээ худалдан авахдаа хаяг, шошгожилт, бүтээгдэхүүний хугацаа, бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж сонгохыг анхааруулж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 7-ноос ирэх сарын нэгний өдрийг хүртэл хүнсний худалдааны чиглэлээр эх үрсийн баярын урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг хийхээр болжээ. Өнгөрсөн жилийн хяналт шалгалтаар нийт 26 иргэн, 115 аж ахуйн нэгжиийг хамруулж хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой 211 зөрчил илрүүлж 104 зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилласан байна. Сүүлийн жилүүдэд худалдан авагчдын хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа хүүхдийн бэлгийг сонгон худалдан авахдаа хаягжилт, бүтээгдэхүүний хугацаа орц найрлагыг шалгаж авах байдал сайжирсан гэдгийг худалдаачид онцолж байна. Зарим хүүхдийн бэлгэнд хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хадгалалтын горим зөрчигдөж, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг боож худалдаалах зөрчил гардаг учраас иргэдийг сонголт хийхдээ ууттай бэлгэнд орсон бүтээгдэхүүний хадгалах хугацаа, орц найрлага, бүрэн бүтэн байдлыг шалгаж худалдан авалт холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Б.Хулан