Зөвшөөрөлгүй худалдаа

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдааны төвүүдэд 2015-аас эхлэн шалгалт хийн зөвшөөрөлгүй ААН-үүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас шаардлага хүргүүлж байсан. Тэгвэл эдгээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа 40 гаруй аж ахуйн нэгжүүдийн газрын зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдлээ.

Өнгөрсөн оноос Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нийслэл хот дахь зориулалтын бус газар үйл ажиллагаа явуулж байгаа автомашин худалдааны төвүүдийг нүүлгэх ажил зохион байгуулагдаж эхэлсэн. Үүний дүнд нийт 100 гаруй автомашин худалдааны төв, захуудыг автохудалдааны цогцолборт нүүлгэсэн бол өнөөдөр 40 орчим төв үйл ажиллагаа явуулсаар байна. Өмнө нь 2015 оноос хойш мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа тул газраа чөлөөлөх шаардах хуудас өгч байсан хэдий ч дахин шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа газрууд ч гарчээ. Тэгвэл энэ удаа эдгээр ААН-үүдийн газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгоно гэдгээ холбогдох байгууллагаас анхааруулж байна. Өнөөдөр мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар саруул захын талбай дээрх авто машин худалдаалах цэгт шаардлага тавьсан юм. Мөн арваад жилийн турш үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн Отгонбаярын эзэмшил гэх хэд хэдэн газрын зөвшөөрлийг цуцлана гэдгээ холбогдох албанаас мэдэгдлээ.

Хэрэв дээр дурдсан газрууд хоёр хоногийн дотор газараа чөлөөлөхгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах дараагийн арга хэмжээг авна.

Б.Одонгарав