Манай улсын эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй

Манай улсад эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.1 байгаа бол эрэгтэйчүүдийнх 65.5 байгаа нь дэлхийн дундажаас 2.5 дахин их байна. тиймээс эрэгтэй хүйсийн нийгэм, эрүүл мэндэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндийн салбарт цаашид жендерийн мэдрэмжтэй бодлого явуулах зайлшгүй шаардлага байгаа судлаачид онцолж байна. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн насны зөрүү дэлхийд дунджаар 4 жил байдаг бол манай улсад 9 гаруй жил байгаа юм. Мөн манай улсад жилд дунджаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд шалтгаанаар нь ангилбал 33.1 хувийг зүрх судасны тогтолцооны өвчин, 25.6 хувийг хавдрын шалтгаан эзэлсэн байна. Мөн түүнчлэн 20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй гэсэн судалгаа гарчээ. мөн манай улсын эрэгтэйчүүдэд гол төлөв архаг ядаргаа, органик бус нойргүйдэл, архинд донтох эмгэг, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал ихээхэн тохиолддог байна. мөн манай улсын эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй байна. Үүнд тамхи, архины хэрэглээ, химийн хорт нэгдэл, бэлгийн замын халдарт өвчин ихээхэн нөлөөлж байгаа гэж үзэж байна. Үүнээс үзэхэд төрийн зүгээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарсан судалгаа боловсруулах шаардлагатай. Эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хүйсийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт чухал болохыг салбарын судлаач эрдэмтэд онцолж байна.

Б.Хулан